Оскарын долоон удаагийн шагналт “Everything Everywhere All at Once” бүтээлээрээ дэлхий дахиныг байлдан дагуулсан найруулагч Даниэл Куан болон Даниэл Шайнерт нар дараагийн томоохон төслөө албан ёсоор зарлалаа. Тэдний шинэ уран бүтээл 2027 оны арваннэгдүгээр сард үзэгчдийн хүртээл болохоор товлогджээ.
Одоогоор нэр нь нууцлагдмал байгаа тус киноны зураг авалт энэ зун эхлэх бөгөөд найруулагчид дэлхий ертөнцийн ээдрээтэй үйл явдлуудыг өөрсдийн өвөрмөц өнцгөөс судалж, нэгэн цогц түүх болгон шингээхээр ажиллаж байна. Энэхүү бүтээл нь шинжлэх ухааны уран зөгнөлт болон инээдмийн төрлийг хослуулсан, оршихуйн тухай гүн ухааны асуултуудыг хөндсөн “том зүрхтэй” кино байх төлөвтэй байна.
Анх уг киног энэ оны зургадугаар сард нээхээр төлөвлөж байсан ч алдарт Стивен Спилбергийн “Disclosure Day” бүтээлтэй хугацаа давхцахаас зайлсхийж, нээлтийн товыг хойшлуулжээ. Гэвч энэхүү нэмэлт хугацаа нь уран бүтээлчдэд дэлхий дахинд өрнөж буй төвөгтэй асуудлуудыг киноны зохиолдоо илүү нарийн тусгах боломжийг олгож байгаа аж.
Даниэлүүд шинэ бүтээлээ IMAX форматаар хийхээр зорьж байгаа бөгөөд энэ нь зөвхөн дэлгэцийн бүтээл бус, үзэгчдийг нэг дор нэгтгэсэн томоохон хэмжээний арга хэмжээ мэт мэдрэмж төрүүлэхүйц “нүсэр экшн кино” байх болно гэдгийг онцолжээ. Одоогийн байдлаар киноны албан ёсны нэр болон дүрүүдийн мэдээлэл хүлээгдэж байгаа ч үзэгчид тэднээс дахин нэг “сонгодог Даниэл” хэв маягийн бүтээл хүлээж байна.

