Боксын ертөнцийн хамгийн нөлөө бүхий дасгалжуулагчдын нэг, Канело Альваресын багш Эдди Рейносо удахгүй болох Дэвид Бенавидез болон Хильберто “Зурдо” Рамирез нарын тулааны талаар сонирхолтой таамаг дэвшүүллээ. Тэрээр энэхүү тулааныг тун тэнцүүхэн, өрсөлдөөнтэй болно гэж үзэж байна.
Олон жилийн турш Канело Альваресыг рингэнд дуудаж ирсэн Дэвид Бенавидез ирэх сард өөрийн нэр хүндээ бататгах томоохон сорилттой тулгарч байна. Тэрээр энэ удаад жин өгсөж, 200 фунт буюу крейзервейт жингийн ангилалд WBC болон WBA холбооны аваргын бүсийг эзэмшиж буй “Зурдо” Рамирезыг сорихоор болжээ.
Эдди Рейносо “K.O. Artist Sports”-д өгсөн ярилцлагадаа “Энэ бол маш тэнцүү тулаан болно. Зурдо Рамирез бол хөдөлгөөн сайтай, зайгаа сайн хянадаг, хүчтэй цохилттойгоос гадна хамгаалалт сайтай боксчин. Нөгөө талд Дэвид маш хурдтай, тэсрэлттэй цохилттой, довтолгооны өндөр чадвартай тулаанч. Тухайн үдэш хэн бага алдаа гаргаж, хэн төлөвлөгөөгөө илүү сайн хэрэгжүүлсэн нь ялагч болно” хэмээн дүгнэсэн байна.
“Зурдо” Рамирез болон Бенавидез нарын тулаан ирэх сарын 2-ны бямба гарагт Лас-Вегас хотын алдарт “T-Mobile Arena”-д зохион байгуулагдах товтой байна. Харин тэдний гол бай болох Канело Альварес есдүгээр сар хүртэл амрах бөгөөд эргэн ирэхдээ өнгөрсөн жил Теренс Кроуфордод алдсан бүсээ эргүүлэн авах төлөвлөгөөтэй байгаа юм.

