Ойрх Дорнодын геополитикийн нөхцөл байдал эгзэгтэй цэгтээ хүрч, дэлхийн эрчим хүчний аюулгүй байдалд сүүлийн 50 жилд тохиолдоогүй том аюул нүүрлээд байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Иранд 48 цагийн хугацаатай тулган шаардах бичиг илгээсний хариуд Тегераны эрх баригчид Хормузын хоолойг бүрэн хаахаар заналхийллээ.
Олон улсын эрчим хүчний агентлагийн (IEA) дүгнэснээр, өнөөгийн нөхцөл байдал 1970-аад оны алдарт газрын тосны хямралаас ч илүү хүнд тусахаар байна. Сүүлийн нэг долоо хоногийн хугацаанд Хормузын хоолойгоор дамжих тээвэрлэлт бараг зогсож, ердөө 16 хөлөг онгоц AIS системд бүртгэгдсэн нь түүхэн доод үзүүлэлт болов.
Энэхүү түгшүүртэй байдал дэлхийн зах зээлд шууд нөлөөлж эхэллээ:
- Нийлүүлэлтийн тасалдал: Өдөрт 11 сая баррель газрын тосны нийлүүлэлт саатаж байгаа нь 1973 болон 1979 оны хямралын үзүүлэлтийг хэдийн давжээ.
- Үнийн өсөлт: Brent маркийн түүхий нефтийн дундаж үнэ 2026 онд 85 ам.долларт хүрэх төлөвтэй байгаа бөгөөд энэ нь инфляцыг хөөрөгдөж, тээврийн зардлыг огцом нэмэгдүүлэх эрсдэлтэй.
- Дэд бүтцийн хохирол: Израиль Тегеран болон бусад бүс нутаг дахь стратегийн объектуудад цохилт өгсний улмаас эрчим хүчний 40 гаруй байгууламж, химийн болон бордооны үйлдвэрүүд их хэмжээний хохирол амсаад байна.
Дотоод нөхцөл байдлын хувьд АНУ-ын засаг захиргаа иргэдийнхээ шүүмжлэлтэй тулгарч байна. Сүүлийн үеийн судалгаагаар америкчуудын 68 хувь нь Цагаан ордон энэхүү дайны эцсийн зорилгыг тодорхой тайлбарлаж чадахгүй байна гэж үзжээ. Газрын тосны үнийн өсөлт зуны улирал дуустал үргэлжлэх төлөвтэй байгаа нь дэлхийн эдийн засагт “ноцтой аюул” учруулж байгааг шинжээчид анхааруулсаар байна.
АНУ-ын Төрийн департаментаас Ойрх Дорнодод байгаа иргэдээ өндөр сонор сэрэмжтэй байхыг уриалж, дэлхий нийт Хормузын хоолой тойрсон дараагийн алхмыг түгшүүртэйгээр хүлээж байна.

