Нью-Йорк хотын Ла Гуардиа нисэх онгоцны буудалд Air Canada Express компанийн зорчигч тээврийн онгоц газардах үедээ гал унтраах машинтай мөргөлдсөн ноцтой осол гарлаа. Уг ослын улмаас дөрвөн хүн хүнд бэртэж, нисэх буудлын үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар хязгаарлаад байна.
Канадын Монреал хотоос 100 орчим зорчигч тээвэрлэн ирсэн CRJ-900 загварын хөлөг онгоц зурвас дээр байсан гал унтраах машиныг 38 км/цагийн хурдтай мөргөсөн байна. Ослын улмаас нисэх буудлын бүх нислэгийг мягмар гарагийн 01:30 цаг хүртэл зогсоож, хөөрөх болон буух зурвасуудыг хаажээ.
Уг нислэгийг Air Canada-гийн охин компани болох Jazz Aviation удирдаж байсан бөгөөд нийгмийн сүлжээнд цацагдсан бичлэгүүдээс харахад онгоцны их бие, ялангуяа хойд хэсэгт их хэмжээний эвдрэл учирсан нь тогтоогдоод байна.
Ням гарагийн шөнийн 23:40 цагийн орчимд болсон уг мөргөлдөөний улмаас хэд хэдэн хүн шархадсаны дотор хоёр цагдаагийн ажилтан, нэг ахлагч байгаа бөгөөд тэднийг яаралтай эмнэлэгт хүргэжээ. Мөн онгоцны нисгэгч болон туслах нисгэгч нарын биеийн байдал хүнд байгааг албаны эх сурвалжууд мэдээлж байна. Одоогоор ослын шалтгааныг тогтоохоор Холбооны нисэхийн захиргаанаас мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байна.

