АНУ-ын эрүүл мэндийн салбарт нярай хүүхдэд нэн шаардлагатай урьдчилан сэргийлэх тусламж үйлчилгээнээс эцэг эхчүүд татгалзах тоо эрс нэмэгдэж байгаа нь мэргэжилтнүүдийн санааг зовоож байна. Өмнө нь зөвхөн вакцинжуулалт дээр яригддаг байсан энэхүү эсэргүүцэл одоо витамин К тариа, нүдний тос зэрэг төрмөгц хийгддэг наад захын тусламж руу халиад байгааг эмч нар анхаарууллаа.
Судалгаагаар витамин К тарианаас татгалзах үзүүлэлт сүүлийн жилүүдэд 2.9 хувиас 5.2 хувь болж, бараг хоёр дахин өссөн байна. Витамин К-гээс татгалзсан эцэг эхчүүд ихэвчлэн Гепатит В-гийн вакцин болон нярайн хараагүй болохоос сэргийлэх нүдний антибиотик тосноос ч мөн татгалзах хандлагатай байгаа нь ажиглагджээ.
Эмч нарын тайлбарлаж буйгаар энэхүү хандлагад дараах хүчин зүйлс нөлөөлж байна:
- Худал мэдээлэл: Олон нийтийн сүлжээгээр тархаж буй шинжлэх ухааны үндэслэлгүй мэдээллүүд эцэг эхчүүдийг төөрөгдүүлж байна.
- “Байгалийн” гэх өрөөсгөл ойлголт: Аливаа хиймэл зүйлээс татгалзаж, байгалийн жамаараа байх нь илүү дээр гэх үзэл газар авчээ. Гэвч хүн төрөлхтөн хүүхдийн эндэгдлийг бууруулахын тулд эдгээр анагаах ухааны ололтуудыг олон жилийн турш хөгжүүлж ирсэн билээ.
Витамин К нь цус бүлэгнэлтэд чухал үүрэгтэй бөгөөд дутагдсанаар нярайн тархинд цус алдах аюултай хүндрэл үүсдэг. Урьдчилан сэргийлэх тариа хийлгээгүй хүүхдүүд ийм эрсдэлд орох магадлал 81 дахин их байдаг байна. Мөн төрөх замаар дамжих халдвараас сэргийлэхгүй байх нь насан туршийн харааны бэрхшээл эсвэл элэгний дутагдалд хүргэх аюултай.
Эмч нар эцэг эхчүүдтэй зөв харилцаж, тэдний айдас, санаа зовиурыг сонсон, шинжлэх ухааны зөв мэдээлэл өгөх нь нярайн амь насыг аврах хамгийн чухал алхам болохыг онцолж байна.

