Нарны аймгийн хамгийн олон дагуултай гаригийн өрсөлдөөнд Санчир дахин давамгайллаа. Сүүлийн нээлтээр 11 шинэ дагуул нэмэгдэж, нийт тоо нь 285 хүрсэн бол Бархасбадь мөн дөрвөн шинэ дагуул илрүүлснээр 101 болсон байна.
Анхны дагуулуудыг 17-р зуунд илрүүлж байв. Galileo Galilei 1610 онд Бархасбадийн Ио, Европ, Ганимед, Каллистог нээж байсан бол Christiaan Huygens 1655 онд Санчирын хамгийн том дагуулуудын нэг Титаныг илрүүлжээ. Харин дараагийн олон нээлтүүд удааширсан нь тухайн үеийн телескопын хүчин чадал, дагуулуудын жижиг хэмжээтэй холбоотой байв.
Дагуул гэж тооцогдохын тулд тухайн биет од биш гаригийг тогтвортой тойрч эргэх ёстой бөгөөд хэмжээний доод хязгаар гэж байдаггүй. Иймээс маш жижиг биетүүд ч дагуулд тооцогддог ч заримыг нь “moonlet” гэж нэрлэх нь бий.
Сүүлийн жилүүдэд технологи эрс сайжирснаар олон шинэ дагуул илрэх болсон. 2025 онд International Astronomical Union (IAU) нэг дор 128 дагуулыг албан ёсоор бүртгэснээр Санчир гариг энэ ангилалд бараг “ялагдашгүй” байр суурь эзэлсэн. Судлаач Edward Ashton-ы баг 2019–2021 онд хийсэн ажиглалтаа 2023 онд дахин шалгаж, олон шинэ дагуулыг баталгаажуулсан нь энэ амжилтын үндэс болжээ.
Сонирхолтой нь, эдгээр дагуулуудын ихэнх нь нэргүй хэвээр байна. IAU-ийн дүрмээр тодорхой хэмжээнээс жижиг, бүдэг биетүүдэд заавал нэр өгөх шаардлагагүй тул Бархасбадийн шинэ дагуулууд S/2011 J 4 гэх мэт техникийн нэршилтэй үлджээ. Санчирын хувьд ч адил—285 дагуулаас ердөө 63 нь нэртэй байгаа нь нийт дүнгийн ердөө 22% юм.
Одоогийн байдлаар гаригуудын дагуулын тоо дараах байдалтай байна:
- Санчир – 285
- Бархасбадь – 101
- Тэнгэрийн ван – 28
- Далай ван – 16
- Ангараг – 2
- Дэлхий – 1
- Сугар, Буд – 0
Дүгнэвэл, Нарны аймгийн нийт дагуулын 66% нь Санчирыг тойрон эргэж байгаа бол 23% нь Бархасбадьд харьяалагдаж байна. Ирээдүйд Тэнгэрийн ван орчимд олон шинэ биет илрэхгүй л бол энэ хоёр гариг “хамгийн олон дагуултай” байр сууриа хадгалах магадлал өндөр байна.

