Дэлхийн хамгийн алдартай контент бүтээгчдийн платформ болох “OnlyFans”-ийн эзэмшигч, тэрбумтан Леонид Радвинский хавдар өвчний улмаас 43 настайдаа таалал төгссөн тухай бизнесийн хэвлэлүүд мэдээллээ. Украин гаралтай Америкийн бизнесмен, программ хангамжийн мэргэжилтэн тэрээр технологийн салбарт өөрийн гэсэн томоохон орон зайг бий болгосон нэгэн байв.
Леонид Радвинский 2018 онд “OnlyFans” платформын толгой компани болох “Fenix International Limited”-ийг худалдан авч, тус компанийн гол хувьцаа эзэмшигчээр ажиллаж эхэлсэн юм. Түүний удирдлага дор тус платформ Ковид-19 цар тахлын үед хэрэглэгчдийн тоогоо эрс нэмэгдүүлж, өдгөө 300 сая гаруй хэрэглэгчтэй, жилд нэг тэрбум ам.доллараас давсан орлоготой дэлхийн хэмжээний сүлжээ болон өргөжөөд байна.
Бизнесийн амжилтаараа “Forbes” сэтгүүлийн тэрбумтнуудын жагсаалтад багтсан түүний хөрөнгө 4.7 тэрбум ам.долларт хүрээд байсан юм. Тухайлбал, 2024 онд тус компани 701 сая ам.долларын ногдол ашиг хуваарилсан нь түүхэн дэх дээд үзүүлэлт болж байв. “OnlyFans” компанийн төв байр Их Британид байрладаг хэдий ч нийт орлогын дийлэнх хувийг АНУ-ын зах зээлээс бүрдүүлдэг байна. Радвинский таалал төгссөн нь платформын цаашдын өмчлөл болон удирдлагын бүтцэд тодорхойгүй байдал үүсгэж болзошгүйг шинжээчид онцолж байна.

