Английн “Манчестер Юнайтед” клубын академиас ээлжит нэгэн гоц авьяастан төрөн гарч ирж байгаа нь 15 настай довтлогч Ж.Ж. Габриель юм. Тэрээр энэ улиралд үзүүлж буй гайхалтай тоглолтоороо үндсэн багийн дасгалжуулагчдын анхаарлыг татаж, залуучуудын багийн сургуулилтад тогтмол оролцох болжээ.
Ж.Ж. Габриель энэ улиралд 23 тоглолтод оролцохдоо 21 гоол оруулсан асар өндөр бүтээмжтэй тоглолтыг үзүүлж байна. Ялангуяа залуучуудын “Манчестер дерби”-д гоолдсон төдийгүй дараалсан долоон тоглолтод гоол оруулсан нь түүнийг үеийнхнээсээ тасархай тоглогч гэдгийг баталсан юм. Клубын академийн удирдлагууд түүнийг “Арсенал”-ын Макс Доуман, “Ливерпуль”-ийн Рио Нгумоха зэрэг Английн хөлбөмбөгийн ирээдүй гэгдэж буй залуу одуудтай ижил түвшинд эрэмбэлж байна.
“Манчестер Юнайтед” клубын техникийн захирал Даррен Флетчер залуу тоглогчийг “гайхалтай авьяастай” хэмээн онцолж, түүний хөлбөмбөгт хандах хандлага, талбай дээрх шийдвэр гаргах чадварыг нь өндрөөр үнэлжээ. Хэдийгээр тэрээр дөнгөж 15 настай ч Английн 15, 16 болон 17 хүртэлх насны шигшээ багуудад дуудагдан тоглож байгаа юм. Хэрэв тэрээр энэ эрчээ хадгалж чадвал Премьер лигийн түүхэн дэх хамгийн залуу тоглогчдын нэг болох боломжтой бөгөөд “Улаан чөтгөрүүд” түүнийг ирээдүйн үндсэн багийн гол тоглогч болгохоор алхам алхмаар бэлтгэж байна.

