ОХУ-ын боловсролын байгууллагуудад оюутан залуусыг гэрээт цэргийн албанд татах, Украины дайнд дайчлах ажиллагаа шинэ шатанд гарч байгаа тухай олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Их, дээд сургууль болон коллежийн захиргааны зүгээс суралцагчдад өндөр цалин, нийгмийн халамжийн давуу талуудыг амлаж, эх орноо хамгаалах уриалгыг идэвхтэй явуулах болжээ.
Тухайлбал, Новосибирск мужийн Ундинскийн технологийн коллежид дрон оператор бэлтгэх сургалтад хамрагдах санал тавьсан ч оюутнуудын идэвх хүлээлтээс бага байсан нь сургуулийн удирдлагуудын зүгээс шүүмжлэл дагуулсан байна. Коллежийн захирал оюутнуудыг эх орныхоо өмнө хүлээсэн үүргээсээ эмээж байна хэмээн зэмлэсэн тохиолдол гарчээ. Одоогоор ОХУ-ын 200 гаруй их, дээд сургуульд цэргийн байгууллагуудын зүгээс гэрээт албаны сурталчилгааг ийнхүү зохион байгуулалттайгаар явуулаад байгаа аж.
Цэргийн албанд элсэгчдэд нэг жилийн хугацаатай гэрээ, сарын өндөр цалин болон алба хааж дууссаны дараа сургуульдаа үргэлжлүүлэн суралцах боломжийг амлаж байна. Гэвч хуульчид болон хүний эрхийн идэвхтнүүд дайны үеийн нөхцөл байдалд гэрээний хугацаа дууссан ч цэргийн албанаас чөлөөлөгдөх баталгаа байхгүй бөгөөд гэрээний нөхцөл дур мэдэн өөрчлөгдөх эрсдэлтэйг анхааруулсаар байна. Зарим тохиолдолд сургуулиас хөөх заналхийлэл ашиглах замаар оюутнуудыг цэрэгт элсүүлэх шахалт үзүүлж байгаа тухай мэдээллүүд ч гарч байна.

