АНУ-ын Боловсролын яамны Иргэний эрхийн хэлтэс Харвардын их сургуулийн элсэлтийн бодлого болон оюутнуудын дунд үүссэн ялгаварлан гадуурхалтын асуудлаар хоёр шинэ шалгалт эхлүүлснээ албан ёсоор мэдэгдлээ. Уг шалгалтаар тус сургууль оюутнуудыг элсүүлэхдээ арьс өнгө, үндэс угсаагаар нь ялгаварлан гадуурхахгүй байх тухай АНУ-ын Дээд шүүхийн 2023 оны шийдвэрийг хэрхэн мөрдөж байгааг тогтоох юм.
Мөн Харвардын кампус дотор еврей оюутнуудын эсрэг чиглэсэн үзэл суртал, дарамт шахалт гарч буй талаарх гомдлуудыг нарийвчлан шалгахаар болжээ. Өнгөрсөн хугацаанд тус сургуулийн дотоод ажлын хэсгүүдээс еврей болон мусульман оюутнуудын дунд ялгаварлан гадуурхалт байгаа талаарх тайлангууд гарч байсан билээ. Харвардын их сургуулийн төлөөлөгч энэ талаар тайлбар өгөхдөө, сургуулийн захиргаа аливаа хэлбэрийн дарамт шахалттай хатуу тэмцэж, оюутнуудын аюулгүй байдлыг хангах арга хэмжээг тогтмол авч хэрэгжүүлдэг хэмээн мэдэгдсэн байна.
Дональд Трампын засаг захиргаа өмнө нь Харвардын их сургуулийг еврей оюутнуудыг хамгаалж чадаагүй гэх үндэслэлээр шүүхэд өгч, тэрбум гаруй ам.долларын нөхөн төлбөр нэхэмжилж байсан түүхтэй. Мөн энэ оны хоёрдугаар сард элсэлтийн үйл ажиллагаатай холбоотой баримт бичгүүдийг гаргаж өгөхөөс татгалзсан гэх үндэслэлээр тус сургуулийг дахин шүүхэд өгөөд байгаа юм.
Ерөнхийлөгч Дональд Трамп их сургуулиудын Палестиныг дэмжих жагсаал, олон талт байдлыг дэмжих хөтөлбөрүүд болон трансжендер бодлогыг шүүмжилж, улсын санхүүжилтийг нь зогсоох хүртэл арга хэмжээ авахаа илэрхийлсээр ирсэн. Энэхүү алхам нь академик эрх чөлөө болон үг хэлэх эрх чөлөөнд халдаж буй хэрэг хэмээн боловсролын салбарын зарим мэргэжилтнүүд болгоомжилж байна.

