Лондонгийн “Арсенал” клубын академийн шилдэг төгсөгчдийн нэг, 19 настай Майлс Льюис-Скеллиг эгнээндээ нэгтгэхийн тулд Премьер лигийн “Манчестер Юнайтед”, “Челси” болон “Эвертон” клубууд идэвхтэй сонирхож эхэллээ. “Hale End” академиас төрөн гарсан залуу тоглогч ирэх зуны солилцоо наймааны цонхоор багаа сэлгэхэд бэлэн байгаа тухай эх сурвалжууд мэдээлж байна.
Майлс Льюис-Скелли 2024 онд “Арсенал”-ын үндсэн багт анхны тоглолтоо хийсэн бөгөөд өнгөрсөн улиралд Рикардо Калафиори бэртэл авсны дараа үндсэн бүрэлдэхүүнд тогтмол тоглох боломж гарсан юм. Тэрээр өөрт олдсон боломжийг бүрэн ашиглаж, багтаа гурван гоол оруулж, хамгаалалтад дөрвөн удаа хаалгаа хуурай манахад чухал үүрэг гүйцэтгэсэн нь ийнхүү бусад багуудын хараанд өртөх үндэслэл болжээ.
Одоогоор залуу тоглогчийн зах зээлийн үнэлгээ 30 сая фунт стерлинг орчимд яригдаж байна. “Манчестер Юнайтед” болон “Челси” клубууд түүнийг ирээдүйн гол тоглогчдын нэгээр харж байгаа бол “Эвертон” клуб түүнд үндсэн багт тогтмол тоглох баталгааг амлаж байгаа аж. “Арсенал” клуб өөрийн академийн бүтээгдэхүүнээ авч үлдэхийг хичээж байгаа ч тоглогчийн зүгээс илүү их тоглолтын цаг хүсэж байгаа нь наймаа явагдах магадлалыг нэмэгдүүлж байна.

