“BTS” хамтлагийн ахлагч RM бэлтгэлийн үеэр хөлөндөө хүнд гэмтэл авсан талаар “BigHit Music” агентлаг албан ёсоор мэдээллээ. Энэхүү мэдээлэл нь хамтлагийн дөрвөн жилийн завсарлагааны дараах эргэн ирэлт болон удахгүй эхлэх дэлхийн аялан тоглолтын өмнө гарч байгаа нь шүтэн бишрэгчдийнх нь сэтгэлийг ихээхэн зовоож байна.
Агентлагийн мэдээлснээр RM-ийг яаралтай эмнэлэгт хүргэж, нарийвчилсан шинжилгээ хийхэд хөлний шөрмөс гэмтсэнээс гадна үений хэсэгт цууралт илэрчээ. Эмч нарын зүгээс түүнийг ойрын хоёр долоо хоногийн хугацаанд гипс зүүж, хөдөлгөөнөө бүрэн хязгаарлах шаардлагатай гэж үзсэн байна. Гэсэн хэдий ч RM өөрөө шүтэн бишрэгчидтэйгээ уулзахыг хүсэж байгаа бөгөөд тоглолтын үеэр тайзны хөдөлгөөнөө хязгаарласан байдалтайгаар оролцохоо илэрхийлжээ.
“BTS” хамтлаг саяхан Сөүл хотын Гванхвамун талбайд эргэн ирэлтийн тоглолтоо амжилттай хийж, Netflix платформоор дэлхий даяар шууд дамжуулсан билээ. Хамтлагийнхан ирэх дөрөвдүгээр сарын 9-нөөс эхлэн “ARIRANG” нэртэй томоохон хэмжээний дэлхийн аялан тоглолтоо эхлүүлэхээр төлөвлөөд байгаа юм. Энэхүү аялал нь 2027 он хүртэл үргэлжлэх бөгөөд дэлхийн 34 гаруй хотод 79 удаагийн тоглолт хийхээр товлогджээ.
RM-ийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан аялан тоглолтын эхний хэсэгт зарим бүжиг, үзүүлбэрүүдэд өөрчлөлт орох магадлалтай байна. “BigHit Music”-ийн зүгээс уран бүтээлчийн эрүүл мэндийг нэгдүгээрт тавьж, түүнийг хурдан эдгэрэхэд бүхий л талаар дэмжлэг үзүүлж ажиллахаа мэдэгдлээ.

