Бостон Сэлтикс багийг амжилттай удирдаж буй ахлах дасгалжуулагч Жо Маззулла NBA-ийн “Оны шилдэг дасгалжуулагч” шагналын талаарх өөрийн бодлоо шулуухан илэрхийллээ. Тэрээр энэхүү нэр хүндтэй цолд нэр дэвшиж буй гол мэргэжилтнүүдийн нэг боловч уг шагналыг “утгагүй зүйл” хэмээн тодорхойлж, багийн амжилт бол дасгалжуулагчийн биш, харин тоглогчид болон туслах ажилтнуудын хичээл зүтгэлийн үр дүн гэдгийг онцлон тэмдэглэв.
Хэдийгээр Маззулла шагналд ач холбогдол өгөхгүй байгаа ч түүний удирдлага дор “Сэлтикс” таван улирал дараалан 50-иас дээш хожил авч, Зүүн бүсийн чансааны хоёрдугаарт бичигдэж байна. “Атланта Хокс” багийн дасгалжуулагч Куин Снайдер түүний ажлыг өндрөөр үнэлж, Жэйсон Тэйтэм зэрэг гол тоглогчид эзгүй үед ч багийн стратегийг уян хатан өөрчилж, Пэйтон Притчард, Жэйлен Браун нарын үүргийг нэмэгдүүлэн үр ашигтай тоглолт үзүүлж байгааг нь сайшаасан юм.
Багийн лидер Жэйсон Тэйтэм саяхан Зүүн бүсийн долоо хоногийн шилдэг тоглогчоор шалгарч, Бостоны түүхэнд 14,000 оноонд хүрсэн хамгийн залуу тоглогч болсон билээ. Гэсэн хэдий ч тэрээр ачаалал болон биеийн байдлаа харгалзан “Атланта Хокс”-ын эсрэг хийсэн тоглолтыг өнжсөн байна. Тэйтэмгүй тоглосон “Бостон Сэлтикс” энэ удаад 112-102 харьцаатайгаар ялагдал хүлээлээ.
Уг тоглолтод Жэйлен Браун 29 оноо, 10 самбар, 9 дамжуулалт хийж гүйцэтгэлийн хувьд сайн байсан ч 6 удаа бөмбөг алдаж, шидэлтийн хувь нь тааруу байсандаа сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэв. Маззулла багийнхаа тоглолтод дүгнэлт хийхдээ, тоглогчид нь Атлантагийн физик тоглолтын дарамтыг даван туулахад бэлэн байгаагүй бөгөөд хоёрдугаар хагаст санаачилгаа алдсаныг хүлээн зөвшөөрсөн юм. “Сэлтикс” одоо үндсэн бүрэлдэхүүнээ бүрэн цуглуулж, плэй-оффын өмнөх чухал тоглолтуудад анхаарлаа хандуулахаар бэлтгэж байна.

