Disney+ платформ 1980-аад оны Сөүл хотын амьдрал, гэмт хэргийн ертөнцийн тухай өгүүлэх “Born Guilty” хэмээх шинэ бүтээлээ танилцууллаа. Уг цувралын гол дүрүүдэд алдарт жүжигчин Пак Со Жүн, Ём Тэ Гүү болон Жо Хе Жүү нар тоглохоор албан ёсоор батлагдаад байна. Киноны найруулагчаар “Deliver Us from Evil” бүтээлээрээ алдаршсан Хон Вон Чан ажиллах бөгөөд 1988 оны Сөүлийн олимпын өмнөх үеийн нийгмийн өөрчлөлт, хар тамхины наймаа болон урвалтын тухай сонирхолтой түүхийг өгүүлэх юм.
Пак Со Жүн энэхүү бүтээлд нууцлаг урвагч Паенгийн дүрийг бүтээх бөгөөд тэрээр хар тамхины наймааны ертөнцөд гэнэт гарч ирэн, бусдын хувь тавилангаар тоглогч нэгэн байх аж. Тэрээр дүрийнхээ талаар “Энэ бол миний удаан хүлээсэн түүх, дүр юм. Паенгийн дүрээр өөрийнхөө өмнө нь харуулж байгаагүй шинэ талыг үзэгчдэд дэлгэх болно” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.
Харин Ём Тэ Гүү Хойд бүлэглэлийн гишүүн байгаад өөрийн бүлгээс урваж, Паенгийн саналыг хүлээн авсан Сэндакийн дүрд хувирна. Түүний эсрэг талд хар тамхины гол нийлүүлэгч бөгөөд Паенгийн анхны хайр байсан Бок Хигийн дүрийг жүжигчин Жо Хе Жүү бүтээхээр болжээ. Жүжигчид зохиол уншлагын үеэр дүрдээ маш хурдан орж, хүчтэй энерги үзүүлсэн нь кино сонирхогчдын дунд ихээхэн хүлээлт үүсгэж байна.

“Born Guilty” цуврал нь дүрүүдийн хоорондын ээдрээтэй харилцаа, гэнэтийн эргэлтүүдээр дүүрэн байх бөгөөд 1980-аад оны түүхэн уур амьсгалыг гайхалтайгаар дүрслэн харуулах ажээ. Одоогоор зураг авалтын бэлтгэл ажил бүрэн хангагдсан бөгөөд уг бүтээл 2027 онд үзэгчдийн хүртээл болохоор төлөвлөгдөөд байна.

