Майкл Каррик 2024 оны нэгдүгээр сард “Манчестер Юнайтед”-ын жолоог атгахад баг нь Премьер лигийн зургаадугаар байрт, тоглолтын идэвх сул нөхцөл байдалтай байсан билээ. Гэвч ердөө гурван сарын хугацаанд тэрээр багийн уур амьсгалыг өөрчилж, Аваргуудын лигийн эрхийн төлөөх өрсөлдөөнд бодит боломж олголоо. Хэдийгээр амжилт дагуулж байгаа ч клубын удирдлага ирэх зун багийн ирээдүйг тодорхойлох хэд хэдэн стратегийн шийдвэр гаргах шаардлагатай тулгарч байна.
Нэгдүгээрт, баг дасгалжуулагчийн асуудлыг нэг мөр цэгцлэх хэрэгтэй. Каррик багийг тогтворжуулсан ч түүний туршлага урт хугацааны томоохон төслийг удирдахад хангалттай эсэх нь эргэлзээтэй хэвээр байна.

Хоёрдугаарт, багийн тулгуур болсон Каземиро 34 нас хүрч, багийг орхих магадлал өндөр байгаа тул түүний оронд Адам Уортон, Эллиот Андерсон зэрэг залуу, эрч хүчтэй хагас хамгаалагчдыг авчрах асуудал яригдаж байна.

Гуравдугаарт, багийн ирээдүй гэгдэж буй Кобби Мэйну болон туршлагатай хамгаалагч Харри Магуайр нарын гэрээний асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай. Тэдний гэрээг сунгаснаар багийн хамгаалалт болон дунд шугамын тогтвортой байдал хадгалагдах юм.
Дөрөвдүгээрт, жигүүрийн хамгаалагчдын бүрэлдэхүүнд шинэчлэл хийх цаг болжээ. Люк Шоугийн гэрээ дуусч байгаа, Тирел Маласиа явах төлөвтэй байгаа зэрэг нь нэг, бүр хоёр чанартай хамгаалагч шинээр авах шаардлагыг бий болгож байна.

Эцэст нь, хамгийн чухал асуудал бол багийн ахлагч Бруно Фернандесийг багтаа үлдээх явдал юм. Түүнийг Саудын Арабын лигийн багууд сонирхож байгаа ч багийн хамгийн бүтээлч тоглогчийг алдах нь “Улаан чөтгөрүүд”-ийн хувьд нөхөж баршгүй гарз болно. Тиймээс түүнд Аваргуудын лигт өрсөлдөх амбицтай төслийг санал болгож, шинэ гэрээ байгуулах нь ирэх зуны хамгийн том даалгавар байх болно.


