Дэлхийн хамгийн алдартай цахим шуудангийн үйлчилгээ болох Gmail үүсгэн байгуулагдсаны 22 жилийн ой тохиож буйтай холбогдуулан Google компани хэрэглэгчдэдээ томоохон бэлэг барилаа. Хэрэглэгчид олон жилийн өмнө нээсэн, одоо ашиглахад тохиромжгүй болсон цахим шуудангийн хаягаа (username) шинээр бүртгэл үүсгэхгүйгээр шууд өөрчлөх боломжтой болж байна.
Өмнө нь хэрэглэгчид нэрээ солих эсвэл илүү мэргэжлийн хаягтай болохын тулд шинэ аккаунт нээж, бүх захидал, харилцагчдаа гараар зөөх шаардлага гардаг байсан бол одоо энэ асуудал шийдэгджээ. Одоогоор энэхүү шинэчлэл АНУ-ын хэрэглэгчдэд эхлэн нэвтэрч байгаа бөгөөд цаашид дэлхий даяар бүх хэрэглэгчдэд үе шаттайгаар харагдаж эхлэх юм.
Хэрэглэгчид өөрийн Google аккаунтын тохиргоо хэсгээс @gmail.com-ын өмнөх нэрийг хүссэнээрээ өөрчлөх боломжтой. Гэхдээ Google-ийн зүгээс аюулгүй байдал болон спам захидлаас урьдчилан сэргийлэх үүднээс энэхүү үйлдлийг жилд зөвхөн нэг удаа хийх хязгаарлалт тогтоосон байна.
Хэрэв та хуучин хаягаа өөрчлөхийг хүсэж байвал өөрийн аккаунтын мэдээлэл хэсгийг шалгаж, энэхүү функц идэвхжсэн эсэхийг харах боломжтой. Энэхүү шинэчлэл нь Gmail-ийн түүхэн дэх хамгийн эрэлттэй боломжуудын нэг байсан бөгөөд хэрэглэгчдэд өөрийн цахим дүр төрхийг илүү хялбараар удирдах боломжийг олгож байна.

