Японы Atlus компанийн бүтээсэн, дэлхийн тоглоомын ертөнцөд хүлээн зөвшөөрөгдсөн Persona 5 Royal тоглоом худалдаанд гарсан өдрөөс хойш зургаан жил өнгөрлөө. Анх 2017 онд гарсан Persona 5-ын сайжруулсан хувилбар болох “Royal” нь шинэ дүрүүд, өргөтгөсөн түүх болон гайхалтай дуу хөгжмөөрөө JRPG төрөл дотроо шинэ стандарт тогтоосон юм.
Тоглоомын үйл явдал Токио хотод өсвөр насны залуу Рэн Амамиягийн эргэн тойронд өрнөдөг. Тэрээр “Metaverse” хэмээх өөр ертөнцийг нээснээр нийгмийн бусармаг хүмүүсийн зүрх сэтгэлийг өөрчлөх зорилготой “Phantom Thieves of Hearts” бүлгийг байгуулдаг. Сургуулийн өдөр тутмын амьдрал болон адал явдалт тулааныг хослуулсан энэхүү өвөрмөц бүтэц нь тоглогчдыг 90 гаруй цагийн турш сонирхолтой ертөнцөд саатуулж чаддаг байна.
Persona 5 Royal нь Metacritic сайтаас 95 оноо авч, бүх цаг үеийн хамгийн өндөр үнэлгээтэй ээлжит тулаант (turn-based) RPG тоглоомуудын нэгээр шалгарсан юм. Касуми Ёшизава хэмээх шинэ дүр болон гурав дахь семестрийн үйл явдлыг нэмж өгсөн нь тоглоомыг улам баяжуулж, урлагийн өвөрмөц хэв маяг, өнгө үзэмжээрээ бусад ижил төрлийн тоглоомуудаас эрс ялгардаг.
Atlus компани Persona 5-ын амжилтаас хойш Metaphor: ReFantazio болон Persona 3 Reload зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлээд байгаа билээ. Одоогоор шүтэн бишрэгчдийн дунд хамгийн их хүлээлт үүсгээд буй Persona 6 тоглоомын албан ёсны мэдээлэл ирэх зургаадугаар сарын 7-нд болох Xbox Games Showcase арга хэмжээний үеэр зарлагдах төлөвтэй байна. Мөн Persona 4-ийн шинэчилсэн хувилбар болох Persona 4 Revival-ийг бүтээж байгаа тухай мэдээлэл байгаа нь цувралын үнэнч фэнүүдийн анхаарлыг татаж байна.

