Холимог тулааны ертөнцийн хамгийн өвөрмөц төрхүүдийн нэг Нэйт Диаз октагонд эргэн ирэхээр зэхэж байна. Тэрээр ирэх тавдугаар сарын 16-нд Netflix платформоор шууд дамжуулагдах түүхэн арга хэмжээний үеэр Майк Перритэй тулалдахаар тов гарчээ. Энэхүү эвент нь Роунда Русей болон Фрэнсис Нганну нарын тулааны өмнө Ингилвүүдийн “Интуит Доум” ордонд зохион байгуулагдах юм.
Нэйт Диазын хувьд энэ нь UFC-д Тони Фергюсоныг ялснаас хойш бараг дөрвөн жилийн дараа ММА-ийн дүрмээр хийж буй анхны тулаан болох юм. Тэрээр саяхан Тео Вонны подкастад оролцохдоо зөвхөн Майк Перриг ялах бус, цаашлаад Жэйк Паултай октагонд хүч үзэх сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. “Би энд юу хийж байна гэж бодож байна? Би ан хийж байна. Майк Перритэй хийх тулаан бол том даалгавар, би үүнийг давах ёстой. Тэгээд дараа нь бид Паултай тулалдах болно” хэмээн Диаз ярьсан байна.
Өмнө нь Жэйк Паултай боксын рингэнд тулалдаж байсан Диаз тухайн үед PFL байгууллагаас ирүүлсэн ММА-ийн тулааны сая сая долларын саналаас татгалзаж байсан удаатай. Тэрээр тухайн үед PFL-ийг “жижиг лиг” хэмээн голж байсан ч одоо түүний байр суурь өөрчлөгдсөн бололтой. Хэрэв тэрээр тавдугаар сард Майк Перрийг буулган авч чадвал Жэйк Паултай ММА-ийн дүрмээр тооцоо бодох тулаан бокс сонирхогчдын анхаарлыг хамгийн ихээр татах үйл явдал болох юм.
Диаз өөрийн карьертаа үргэлж хамгийн хүнд, хамгийн сонирхолтой тулаануудыг сонгож ирсэн. Түүний энэхүү эргэн ирэлт нь Netflix-ийн дамжуулах анхны тулааны арга хэмжээг чимэх гол үзүүлбэрүүдийн нэг байх бөгөөд Стоктон хотын тулаанч өөрийгөө “жинхэнэ ангууч” хэвээр байгаагаа батлахыг зорьж байна.

