Дэлхийн боксын түүхэнд гурван өөр жинд бүх бүсийг нэгтгэж (undisputed), таван жинд аваргалсан хосгүй амжилтын эзэн Теренс Кроуфорд зодог тайлах шийдвэрээ гаргахаас өмнө дахин нэг томоохон тулаан хийхээр төлөвлөж байснаа анх удаа дэлгэлээ. Тэрээр 2025 оны есдүгээр сард Канело Альваресыг дуулиантайгаар ялж, супер дунд жингийн хаан болсныхоо дараа дунд жинд (160 фунт) хүч үзэхээр зэхэж байжээ.
Кроуфорд саяхан өгсөн ярилцлагадаа, хэрэв бүх зүйл төлөвлөгөөний дагуу болсон бол тэрээр дунд жингийн аваргуудын нэг Жанибек Алимханулытай тулалдаж, дөрөв дэх жиндээ бүх бүсийг нэгтгэх түүхэн боломжийг эрэлхийлэх байснаа онцолсон юм. “Би 160 фунт жинд очиж, дахин нэг утга учиртай, зоригтой тулаан хийхийг хүссэн. Жанибек бол маш аюултай өрсөлдөгч байсан бөгөөд хэрэв тэр бусад бүсүүдийг нэгтгэж чадсан бол ‘аварга аваргын эсрэг’ гэсэн супер тулаан болох байлаа” хэмээн тэрээр ярьжээ.
Гэвч энэхүү төлөвлөгөө Казахстаны боксчин Жанибек Алимханулы допингийн шинжилгээнд бүдэрснээр нуран унасан байна. Жанибек өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Эрислэнди Ларатай хийх байсан тулааныхаа өмнө хориотой бодис болох Мелдониум хэрэглэсэн нь тогтоогдож, улмаар IBF холбооны бүсээ алдаж, WBO холбооноос эрхээ хасуулсан юм. Энэхүү үйл явдал нь 160 фунт жинд бүх бүсийг богино хугацаанд нэгтгэх Кроуфордын “хурдны зам”-ыг хаасан байна.
Теренс Кроуфорд энэхүү нөхцөл байдлыг “Бурхнаас надад чи өөрийгөө хангалттай нотолсон, одоо зодог тайл гэж хэлж буй дохио” хэмээн хүлээн авчээ. Ийнхүү тэрээр 2025 оны арванхоёрдугаар сарын 17-нд боксын спортоос албан ёсоор зодог тайлж байгаагаа зарласан билээ. 38 настай аварга ийнхүү ялагдашгүй хэвээр, боксын ертөнцийн оргилд байхдаа рингээ орхисон юм.

