Найруулагч Жеймс Кэмероны “Аватар” цувралын гурав дахь анги болох “Гал ба Үнс” (Fire and Ash) үзэгчдийн хүртээл болж, киноны нэгэн өвөрмөц хэсэг цахим ертөнцөд томоохон хэлэлцүүлэг дагуулаад байна. Киноны гол эсрэг дүр болох Кворич (Стивен Ланг) болон Мэнгкуан овгийн ахлагч Варанг (Оона Чаплин) нарын оролцсон, үзэгчдийн “бэлгийн өдөөлттэй” хэмээн нэрлээд буй хэсгийн талаар жүжигчид “Men’s Journal” сэтгүүлд дэлгэрэнгүй ярилцлага өгчээ.
Стивен Ланг уг хэсгийн талаар ярихдаа, “Энэ бол эрх мэдлийн төлөөх тэмцэл, давамгайлал болон захирагдах ёсны тухай асуудал юм. Тэдний харилцан үйлдэл нь ирээдүйд маш сонирхолтой үйл явдал хүлээж буйг илтгэдэг” хэмээн онцолсон байна. Харин Оона Чаплин Варанг дүрийнхээ талаар тайлбарлахдаа, “Варанг бол амьдралтайгаа эрүүл бус хүчний харилцаатай нэгэн. Тиймээс тэрээр бүх зүйлийг бэлгийн харилцаатай холбож үздэг нь түүний өөрийгөө илэрхийлэх нэг хэлбэр” гэжээ.
“The Hollywood Reporter” болон “Gizmodo” зэрэг томоохон хэвлэлүүд уг хэсгийг “мансууруулам”, “хурц шийдэлтэй” хэмээн тодорхойлсон бол найруулагч Жеймс Кэмерон үүнийг өөрийнх нь хамгийн дуртай хэсэг гэдгийг нуугаагүй юм. Тэрээр засварлагчдад хандан уг хэсгийг нэг ч секунд хасалгүйгээр бүрэн эхээр нь үлдээхийг тушаасан бөгөөд жүжигчид ч эцсийн бүтээгдэхүүний өнгө төрх, адал явдалт байдалд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ.
“Аватар: Гал ба Үнс” кинонд Жейк Салли болон Нейтири нар Эйва шүтлэгээс татгалзаж, гал шүтлэгийг Пандора даяар түгээхийг зорьдог Мэнгкуан овгийнхонтой нүүр тулдаг. На’ви болсон Кворич болон Варанг нарын энэхүү гэнэтийн холбоотон болох үйл явц нь киноны хамгийн халуухан бөгөөд ээдрээтэй мөчүүдийн нэг болоод байна. Тус кино одоогоор дижитал хэлбэрээр худалдаанд гарч, үзэгчдийн хүртээл болоод байгаа юм.

