Шинжлэх ухааны уран тогтолцоот зохиолч Энди Вэйрийн “Project Hail Mary” бүтээлээс сэдэвлэсэн ижил нэрт киноны баг хамт олон шүүмжлэгчид болон үзэгчдэд зориулан нэгэн сонирхолтой бэлэг задаллаа. Райан Гослинг гол дүрийг нь бүтээсэн уг киноны хөгжмийн цомог албан ёсоор гарсантай холбогдуулан үзэгчид харь гаригийн найрсаг дүр болох Рокигийн унтаж буй тайвшруулах бичлэгийг үзэх боломжтой болсон юм.
Киноны үйл явдалд сансрын нисэгч Рилэнд Грейс нарны аймгийг аврах аялалынхаа явцад өөр нэгэн соёл иргэншлийн төлөөлөгч Рокитой танилцдаг. Рокигийн төрөл зүйлийн нэг онцлог нь бие биеэ унтаж байх хооронд аюулгүй байдлыг нь ханган манаж хонодог зан үйл юм. Найзын ёсоор Грейсийн гүйцэтгэдэг энэхүү “манаа”-г одоо үзэгчид YouTube сувгаар дамжуулан туршиж үзэх боломж бүрджээ.
Хоёр цаг гаруй үргэлжлэх энэхүү бичлэгт киноны хөгжмийн зохиолч Дэниел Пембертоны туурвисан сансар огторгуйн гүн мэдрэмжийг төрүүлэм гайхалтай аялгуунууд эгшиглэнэ. Энэхүү бүтээл нь зөвхөн киноны сурталчилгаа төдийгүй, үзэгчдэд ажлын дараа алжаалаа тайлах, анхаарлаа төвлөрүүлэхэд туслах “ambient” чиглэлийн бичлэг болсноороо онцлогтой.
“Project Hail Mary” киноны албан ёсны хөгжмийн цомгууд одоо бүх стриминг платформ болон винил пянз хэлбэрээр худалдаанд гараад байна. Сансарт өрнөх нөхөрлөл болон хүн төрөлхтний оршин тогтнолын төлөөх тэмцлийг өгүүлэх уг киноны хөгжим нь ийнхүү үзэгчдийг Рокитой илүү ойртуулах гүүр болж байна.

