АНУ-ын Монтана мужийн захирагч Грэг Жанфорте хүний хүйсийг зөвхөн нөхөн үржихүйн тогтолцоонд үндэслэн тодорхойлох тухай маргаантай хуулийн төсөлд гарын үсэг зурлаа. Ингэснээр тус мужийн хууль тогтоомжид “эр”, “эм”, “хүйс” гэсэн нэр томьёог биологийн функцтэй нь шууд холбон шинээр тодорхойлж байна.
Шинэ хуулийн заалтаар эмэгтэй хүнийг өндгөн эс боловсруулах боломжтой нөхөн үржихүйн тогтолцоотой, харин эрэгтэй хүнийг эр бэлгийн эсээр үр тогтоох чадвартай бие махбод хэмээн тодорхойлжээ. Мөн “аав”, “ээж” гэсэн нэр томьёонуудыг ч энэхүү биологийн үндэслэлд тулгуурлан шинэчилсэн байна. Өмнө нь ижил төрлийн хуулийн төсөл хоёр ч удаа Үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэлээр хүчингүй болж байсан ч ийнхүү дахин батлагдаад байгаа юм.
Энэхүү хууль нь зөвхөн нэр томьёоны асуудал биш бөгөөд жолооны үнэмлэх, гэрлэлтийн бүртгэл, ажилд авах үйл явц болон төрийн байгууллагуудын комиссын гишүүдийг томилох зэрэг олон салбарт шууд нөлөөлөхөөр байна. Хуулийг дэмжигчид энэ нь албан ёсны баримт бичигт хүйсийг тодорхой, тогтвортой байлгахад тустай гэж үзэж байгаа юм.
Харин хүний эрхийн төлөөх байгууллагууд болон эсэргүүцэгчид уг хуулийг трансжендер, интерсекс болон бусад хүйсийн хүмүүсийн эрхийг хязгаарлаж, нийгмийн дарамт учруулж байна хэмээн хүчтэй шүүмжилж байна. Иргэний нийгмийн байгууллагууд уг хуулийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн шүүхэд давж заалдахаа хэдийнэ мэдэгдээд байгаа тул Монтана мужид хууль эрх зүйн томоохон маргаан үргэлжлэх төлөвтэй байна.

