K-pop ертөнцийн супер од, NCT хамтлагийн гол гишүүдийн нэг Марк Ли SM Entertainment агентлаг болон NCT 127, NCT Dream хамтлагуудаас гарч буйг албан ёсоор зарлалаа. SM Entertainment-аас “Weverse” платформоор дамжуулан гаргасан мэдэгдэлдээ, уран бүтээлчтэй хийсэн гүнзгийрүүлсэн хэлэлцүүлгийн үр дүнд 2026 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн хамтын гэрээгээ цуцлахаар харилцан тохиролцсон гэв.
Марк Ли 2016 онд NCT хамтлагт нэгдсэнээсээ хойш тус хамтлагийн салшгүй нэг хэсэг байж, өвөрмөц рэп техник, бүжгийн чадвараараа дэлхийд танигдсан. Тэрээр саяхан NCT Dream хамтлагийн хамтаар Сөүл хотод зургаан удаагийн тоглолтоо амжилттай өндөрлүүлж, дэлхийн аялан тоглолтоо бахархалтайгаар дуусгасан юм.
Агентлагийн зүгээс гаргасан мэдэгдэлд “Марк Ли 2016 оноос хойш хамтлагийн болон ганцаарчилсан уран бүтээлээрээ гайхалтай авьяас чадварыг харуулж ирсэн. Бид түүний шинэ аяллыг бүх талаар дэмжиж, талархаж байна” хэмээн онцолжээ. Ингэснээр NCT 127 хамтлаг цаашид долоон гишүүнтэй, харин NCT Dream хамтлаг зургаан гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээр болж байна.
Марк Ли өөрийн Инстаграм хуудсаараа дамжуулан “Czennie” (NCT-ийн фэнүүд) нартаа хандан сэтгэл хөдөлгөм зурвас үлдээжээ. Тэрээр “Намайг өнөөдрийн би болгосон та бүхэндээ үнэхээр их баярлалаа. Та бүхний өгсөн хайрыг би хэзээ ч мартахгүй” хэмээн бичсэн байна. Канадад төрсөн тэрээр 2025 онд “The Firstfirst” нэртэй анхны бие даасан цомгоо гаргаж байсан бөгөөд цаашид бие даасан уран бүтээлчээр карьераа үргэлжлүүлэх төлөвтэй байна.

