Ромын шүүхээс стриминг үйлчилгээний аварга Netflix компанийг 2017, 2019, 2021 болон 2024 онуудад Итали дахь хэрэглэгчдийнхээ үйлчилгээний хураамжийг нэмсэн шийдвэрүүдийг хууль бус хэмээн үзлээ. Шүүхийн шийдвэрийн дагуу тус компани нөлөөлөлд өртсөн хэрэглэгч бүрт ашигладаг багцаас нь хамааран 500 хүртэлх евро буюу ойролцоогоор 576 ам. долларыг нөхөн олговор болгон буцаан олгохоор болжээ.
Уг нэхэмжлэлийг Италийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах Movimento Consumatori байгууллага гаргасан бөгөөд Netflix-ийн үнийн өсөлт нь тус улсын Хэрэглэгчийн тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзсэн байна. Тус хуульд зааснаар үйлчилгээ үзүүлэгч тал гэрээний нөхцөл эсвэл үзүүлж буй үйлчилгээнийхээ шинж чанарыг гэрээнд тусгайлан заасан үндэслэлгүйгээр, зөвхөн нэг талын ашиг сонирхлыг барьж өөрчлөхийг хатуу хориглодог аж.
2026 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн шүүхийн тогтоолоор Netflix-ийн хэрэглэгчидтэй байгуулдаг гэрээнд үнэ болон бусад нөхцөлүүд ирээдүйд хэрхэн өөрчлөгдөж болох талаарх тодорхой заалт, урьдчилсан тайлбар байх ёстойг албан ёсоор тогтоов. Энэхүү шийдвэр нь цаашид дижитал үйлчилгээ үзүүлэгч бусад компаниудын үнийн бодлогод ч томоохон нөлөө үзүүлж болзошгүйг шинжээчид онцолж байна.

