Хиймэл оюун ухааны сургалтын өгөгдөл бэлтгэдэг Меркор (Mercor) компани хүмүүст өмнөх ажлын байрандаа хийж байсан бүтээл, материалаа зарах санал тавьж эхэлсэн тухай The Wall Street Journal мэдээллээ. Тус компани нь ялангуяа зугаа цэнгэлийн салбарын мэргэжилтнүүдээс 4D физик үзүүлэн, камерын өгөгдөл, гүн болон хөдөлгөөний мэдээлэл зэрэг нарийн мэргэшлийн бүтээлүүдийг худалдан авах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.
Гэсэн хэдий ч энэхүү үйлдэл нь хууль эрх зүй болон ёс зүйн томоохон асуултуудыг дагуулж байна. Ихэнх тохиолдолд ажилтны хийсэн бүтээл нь тухайн ажил олгогч байгууллагын өмч байдаг бөгөөд хөдөлмөрийн гэрээ, нууцлалын хэлцлээр хамгаалагдсан байдаг. Меркор компани албан ёсоор “оюуны өмч худалдаж авдаггүй” гэж мэдэгдэж байгаа ч ажилтнууд руу илгээсэн зарим мессеждээ “худалдан авах сонирхолтой” гэх үг хэллэг ашигласан нь ил болсон юм.
Меркор нь салбарын гүнзгий мэдлэгтэй мэргэжилтнүүд, тэр дундаа ажлаас халагдсан хүмүүст AI загвар сургахад нь тусалсных нь төлөө мөнгө төлдөг арга барилаараа танигдсан. Гэвч саяхан тус компани кибер халдлагад өртөж, 4TB орчим мэдээлэл алдсан нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна. Алдагдсан өгөгдөлд хувийн мэдээлэл, ажил горилогчдын бүртгэл зэрэг мэдрэмтгий мэдээллүүд багтсан нь хуучин ажлын материалаа зарах замаар орлого олох гэсэн хүмүүст эрсдэл учруулж болзошгүйг шинжээчид анхааруулж байна.

