Технологийн салбарын аварга Microsoft компани хиймэл оюун ухааны (AI) салбарт асар их хөрөнгө оруулалт хийж байгаа ч сүүлийн үеийн үзүүлэлтүүд хөрөнгө оруулагчдын санааг зовоож эхэллээ. Тус компанийн Copilot туслах төдийлөн амжилт олж чадахгүй байгаагаас шалтгаалан Microsoft-ын хувьцааны ханш энэ жил 20 гаруй хувиар унаж, 2008 оны санхүүгийн хямралаас хойших хамгийн муу улирлын үзүүлэлтээ тэмдэглээд байна.
Microsoft-ын гол түнш OpenAI компани энэ жил “Sora” зэрэг өндөр өртөгтэй төслүүдээсээ татгалзаж, орлогоо бодитоор нэмэгдүүлэх боломжтой аж ахуйн нэгжийн шийдэл болон кодчилолын салбарт анхаарлаа хандуулахаар болсон нь анхаарал татаж байна. Энэ нь өрсөлдөгч Anthropic компанийн “Claude Code” болон “Claude Cowork” бүтээгдэхүүнүүдийн амжилттай өрсөлдөх гэсэн оролдлого гэж шинжээчид үзэж байгаа юм. Microsoft-ын хувьд Azure облак болон дата төвүүдийн дэд бүтцэд асар их мөнгө зарцуулсан ч Copilot үйлчилгээгээ зардлаа хэтрүүлэлгүйгээр үр ашигтай өргөжүүлэхэд хүндрэлтэй тулгарсаар байна.
Түүнчлэн Windows үйлдлийн системд хэрэглэгчдийн төдийлөн таашаахгүй байгаа AI функцуудыг олноор суулгасан нь хэрэглэгчдийн зүгээс шүүмжлэл дагуулж, тус компанийг “Microslop” хэмээн хочлоход хүргэжээ. Melius Research-ийн шинжээч Бен Райцзес “Редмонд дахь төв байранд нөхцөл байдал амаргүй байна” хэмээн тэмдэглэсэн нь компанийн өмнө тулгараад буй сорилтыг илтгэнэ.
Технологийн салбарт “SaaSpcalypse” хэмээх үзэгдэл газар авч, уламжлалт програм хангамжийн үйлчилгээ үзүүлдэг компаниудын хувьцаа унаж байгаа нь Microsoft-д ч нөлөөлж байна. Хөрөнгө оруулагчид AI кодчилолын хэрэгслүүд хөгжихийн хэрээр компаниуд үнэтэй бэлэн програм авахын оронд өөрсдийн хэрэгцээт зүйлээ өөрсдөө бүтээдэг болох вий гэхээс эмээж байгаа юм.
Хэдийгээр хувьцааны ханш уналттай байгаа ч Microsoft-ын орлого эхний улиралд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 17 хувиар өсөж, санхүүгийн хувьд чадамжтай хэвээр байна. Тус компани 2027 он гэхэд хиймэл оюун ухааны шилдэг технологид хүрэх зорилт тавин ажиллаж байгаа ч хөрөнгө оруулагчдын сонирхол буурч байгаа нь энэхүү урт хугацааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд томоохон саад тотгор болж болзошгүй байна.

