ОХУ-ын Тэнгисийн цэргийн хүчин сүүлийн жилүүдэд флотынхоо хүчин чадлыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч, шинэ үеийн байлдааны хөлөг онгоцуудыг ар араас нь ашиглалтад оруулж байна. Үүний нэг тод жишээ нь “Gorshkov” ангиллын (Project 22350) тав дахь хөлөг болох “Адмирал Амелко” фрегатыг саяхан усанд хөвүүлсэн явдал юм.
Зөвлөлт Холбоот Улс задарснаас хойш Орост бие даан бүтээгдсэн, далайд алсын зайн ажиллагаа явуулах чадвартай цорын ганц ангилал нь “Gorshkov” фрегатууд бөгөөд эдгээрийг агаараас хамгаалах, шумбагч онгоцтой тэмцэх зэрэг олон төрлийн үүрэг гүйцэтгэх чадвартай “бүх талын цэрэг” хэмээн тодорхойлж байна.
Одоогийн байдлаар энэ ангиллын гурван хөлөг идэвхтэй үйлчилгээнд байгаа бол “Адмирал Исаков” болон “Адмирал Амелко” нар 2027 онд флотод албан ёсоор нэгдэх төлөвлөгөөтэй байгаа юм. Гэсэн хэдий ч шинэ хөлөг онгоцны үйлдвэрлэл нэлээд удаан үргэлжилж байгаа бөгөөд “Адмирал Амелко”-гийн суурийг 2019 онд тавьсан ч бүрэн ашиглалтад ороход дахин хоёр жилийн хугацаа шаардлагатай байна.

Санкт-Петербург хотын “Северная” (Хойд) усан онгоцны үйлдвэрт бүтээгдсэн “Адмирал Амелко” нь 32 үүр бүхий босоо пуужин хөөргөх системээр тоноглогдсон нь өмнөх загваруудаас илүү давуу талтай болжээ. Уг систем нь “Kalibr”, “Oniks” зэрэг далавчит пуужингуудаас гадна дэлхийн хамгийн хурдан пуужингуудын нэг гэгдэх “3M22 Zircon” хэт авианы пуужинг хөөргөх чадвартай юм.
ОХУ-ын тэнгисийн цэргийн стратеги нь аажмаар жижиг боловч өндөр технологийн зэвсэглэлтэй хөлгүүд рүү шилжиж байгааг шинжээчид онцолж байна. Хэдийгээр эдгээр фрегатууд онолын хувьд маш хүчирхэг харагдаж байгаа ч Оросын тэнгисийн цэргийн шинэчлэл нь бодит байлдааны чадвараас илүүтэй сурталчилгааны шинж чанартай байдаг гэх шүүмжлэл бас бий. Тиймээс эдгээр хөлгүүдийн бодит нөлөөг зөвхөн цаг хугацаа болон практик ажиллагаа л харуулах үлдээд байна.

