АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаа явуулж, эрчим хүчний байгууламжуудыг нь бөмбөгдөнө гэж мэдэгдсэний дараа дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ огцом өсөж, 110 ам.долларын босгыг давлаа. Үүний зэрэгцээ Азийн хөрөнгийн зах зээлүүдэд тодорхой хэмжээний хэлбэлзэл ажиглагдаж байна.
Даваа гарагийн арилжаа нээгдэхэд Брент маркийн газрын тосны үнэ 0.7 хувиар өсөж 109.80 ам.долларт хүрсэн бол АНУ-ын хөнгөн үйлдвэрийн газрын тос 0.8 хувиар өсөж 112.40 ам.долларт хүрчээ. Хэдийгээр геополитикийн нөхцөл байдал түгшүүртэй байгаа ч Азийн гол индексүүд болох Японы Nikkei 1.65 хувь, Өмнөд Солонгосын Kospi 2 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.
Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт хийсэн мэдэгдэлдээ Ираны удирдагчдыг хатуу үгээр шүүмжилж, Ормузын хоолойг нээх асуудлаар Тегеранд даваа гараг хүртэл хугацаатай эцсийн сануулга өгсөн юм. Хэрэв шаардлагыг биелүүлэхгүй бол ойрын хоёр хоногийн дотор тус улсын эрчим хүчний дэд бүтцэд цохилт өгөхөө анхааруулжээ.
Ираны тал үүний хариуд Трампын “Truth Social” хуудсаараа дамжуулан хийсэн заналхийллийг эсэргүүцэж, “X” платформоор дамжуулан хариу барьж эхэллээ. Ираны зэвсэгт хүчний ахлах офицер Али Абдоллахи Алиабади АНУ-ын Ерөнхийлөгчийн тавьсан хугацааг “үндэслэлгүй, тэнцвэргүй” хэмээн тодорхойлоод, хэрэв халдлага үйлдвэл АНУ-ын хувьд “тамгын хаалга нээгдэх болно” гэж мэдэгдсэн байна.
Нөхцөл байдал ийнхүү хурцадаж байгаа үед Газрын тос экспортлогч орнуудын байгууллага болон түүний холбоотнууд (OPEC+) тавдугаар сараас эхлэн олборлолтын квотоо хоногт 206,000 баррелиар нэмэгдүүлэхээр тохиролцсон байна. Гэвч шинжээчдийн үзэж буйгаар Ормузын хоолой орчмын дэд бүтэц дайны эрсдэлд орсон энэ үед уг шийдвэр нь зах зээлийг тогтворжуулахад бодит нөлөө багатай, бэлгэдлийн чанартай алхам болж байна.

