Тулааны урлагийн домог, нэрт жүжигчин Чак Норрисын гэр бүл түүнийг таалал төгссөний дараа цахим орчинд тархаад буй хиймэл оюун ухаанаар (AI) бүтээсэн хуурамч видео бичлэгүүдийн талаар албан ёсны мэдэгдэл хийлээ.
86 настайдаа таалал төгссөн жүжигчний гэр бүлийнхэн Инстаграм хуудсаараа дамжуулан “Түүний нас барсан нөхцөл байдал, эрүүл мэндийн түүх болон тухайн үед хэн байлцсан зэрэг асуудлаар төөрөгдүүлсэн мэдээлэл агуулсан AI видео, нийтлэлүүд тархаж байгааг бид мэдэж байна” гэж дурджээ. Тэд эдгээр мэдээллийг “бүхэлдээ үнэн бус” болохыг онцлоод, албан ёсны эх сурвалжаас бусад мэдээлэлд итгэхгүй байхыг шүтэн бишрэгчдээсээ хүссэн байна.
Цахим орчинд, ялангуяа Фэйсбүүк болон Юүтүб сувгаар Чак Норрисын оршуулгын ажиллагааг харуулсан мэт хуурамч зургууд тархсан бөгөөд тэдгээрт Силвестер Сталлоне, Арнольд Шварценеггер зэрэг алдартнууд байлцаж буй мэтээр дүрсэлсэн байжээ. Гэр бүлийнхэн нь эдгээр “дижитал зохиомжууд” нь талийгаачийн нэр хүндэд халдаж буй ёс зүйгүй үйлдэл гэж үзэж байгаагаа илэрхийлэв.

Чак Норрис 2026 оны 3 дугаар сарын 19-нд Хавай дахь эмнэлэгт хэвтсэнийхээ дараа гэр бүлийнхнийхээ дунд амар амгалан таалал төгссөн юм. Тэрээр нас барахаасаа ердөө ес хоногийн өмнө буюу 86 насны төрсөн өдрөөрөө Хавайн нарлаг тэнгэр доор бэлтгэл хийж буй бичлэгээ хуваалцаж, “Би хөгшрдөггүй, зөвхөн түвшин ахидаг” хэмээн хошигнож байсан билээ. Түүний гэр бүлийнхэн түүнийг “Гэр бүлийн зүрх, халамжтай хань, аав, өвөө байсан” хэмээн дурсан санаж байна.

