2026 оны Орландогийн Покемон бүсийн аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолтын үеэр нэгэн тоглогч ялалтаа тэмдэглэж, сэтгэл хөдлөлөө илэрхийлсний (pop-off) төлөө техникийн ялагдал хүлээсэн нь цахим орчинд ихээхэн маргаан дагуулж байна.
Тэмцээний VGC төрөлд Firestar73 нэрээр оролцсон тоглогч амжилттай тоглож, шигшээ тоглолтод NiteTimeClasher-тай тулсан юм. Таван үе үргэлжилсэн ширүүн өрсөлдөөний эцэст Firestar73 шийдвэрлэх ялалтыг байгуулжээ. Гэвч тэрээр ялалтаа тэмдэглэхээр суудлаасаа босож, сэтгэл хөдлөлөө илэрхийлсэн нь шүүгчдийн зүгээс “спорт бус зан” гаргасан гэж үзэхэд хүргэв. Улмаар түүнд нэг тоглолтын техникийн ялагдал оноосноор эцсийн дүнд NiteTimeClasher аваргын цомыг хүртсэн байна.
Энэхүү шийдвэр нь олон нийтийн дургүйцлийг хүргэж, тулаант тоглоомын ертөнцийн алдарт тоглогчдын анхаарлыг татжээ. Тухайлбал, “поп-офф”-ын хаан гэгддэг Super Smash Bros. Melee-ийн домог Хуан “Hungrybox” ДеБиедма X (твиттер) хуудсандаа “Хэрэв ийм хэмжээний баяр цэнгэл тэмцээнээс хасагдах эсвэл ялагдал хүлээх шалтгаан болж байгаа бол Покемон нийгэмлэгийн дүрэмд асар том алдаа байна” хэмээн шүүмжилсэн байна.
Үзэгчид болон шинжээчдийн зүгээс Firestar73-ын үйлдлийг бусдыг доромжилсон эсвэл хэтрүүлсэн зүйл биш, харин спортын тэмцээнд байдаг л энгийн сэтгэл хөдлөл байсан гэж үзэж байгаа юм. Покемон тэмцээний албан ёсны дүрэмд “спорт бус зан”-г хориглох ерөнхий заалт байдаг ч яг ямар үйлдэл үүнд хамаарах нь тодорхой бус, голдуу шүүгчдийн үзэмжээр шийдэгддэг нь ийм маргаантай нөхцөл байдал үүсэх үндэс болжээ. Энэхүү үйл явдал нь цаашид цахим спортын тэмцээнүүдийн ёс зүйн дүрэм болон тоглогчдын сэтгэл хөдлөлөө илэрхийлэх эрх чөлөөний талаарх хэлэлцүүлгийг шинэ шатанд гаргаад байна.

