АНУ-ын Тэнгисийн цэргийн “Whidbey Island” ангиллын “USS Tortuga” (LSD-46) хөлөг онгоц арван жил гаруй үргэлжилсэн шинэчлэлийн ажлын дараа анхны далайн туршилтын аялалдаа гарлаа. 2014 оноос хойш зогсоолдоо байсан уг хөлөг 2026 оны 3-р сарын 13-нд Виржиниа мужийн Норфолк баазаас хөдөлсөн нь түүнийг ашиглалтад эргүүлэн оруулах эцсийн шат эхэлснийг илтгэж байна.
Энэхүү их засвар, шинэчлэлийн ажил нь хөлөг онгоцны ашиглалтын хугацааг 44 жил хүртэл уртасгах зорилготой бөгөөд “BAE Systems” компани гүйцэтгэж, Тэнгисийн цэргийн бүсийн засвар үйлчилгээний төв хяналт тавьжээ. Засварын явцад хөлгийн их биеийг бэхжүүлэх, хөдөлгүүр болон байлдааны системийг орчин үеийн шаардлагад нийцүүлэн шинэчлэх ажлууд хийгдсэн байна.

“USS Tortuga” нь тэнгисийн явган цэргүүдийг тээвэрлэх, “Landing Craft Air Cushion” (LCAC) буюу агаарын дэр бүхий буух хөлгүүдийг ажиллуулахад зориулагдсан амфиби хөлөг юм. LCAC нь 75 тонн хүртэлх ачаа, тэр дундаа “Abrams M1” танк зэргийг боомтын дэд бүтэцгүй газарт шууд хүргэх чадвартай бөгөөд “Tortuga” нь дөрвөн ийм хөлгийг нэгэн зэрэг тээвэрлэх хүчин чадалтай.
Хэдийгээр засварын ажил анх төлөвлөснөөс хамаагүй удаан үргэлжилж, 2019 онд дуусах байсан ч техникийн гэнэтийн хүндрэлүүд болон эд ангиудын нийлүүлэлтээс шалтгаалан ийнхүү 10.5 жил зарцуулжээ. Одоо явагдаж буй далайн туршилтаар хөлгийн хөдөлгүүр, жолоодлого, холбоо болон зэвсэглэлийн системүүдийг бодит нөхцөлд шалгаж, тэнгисийн цэргийн ажиллагаанд бэлэн эсэхийг нь эцсийн байдлаар баталгаажуулах юм.

