Riot Games-ийн албан ёсны Valorant хаяг алдарт реппер Канье Уэст буюу Ye-гийн еврей үндэстний эсрэг үзэлтэй холбоотой утга бүхий жиргээ нийтэлсэн нь тоглоом сонирхогчид болон олон нийтийн дунд томоохон маргаан дагуулаад байна.
2026 оны 4-р сарын 4-ний өдөр Valorant-ийн албан ёсны X хаяг тоглогч Stable Ronaldo-гийн тоглолтын бичлэгийг хуваалцахдаа “Ye-г өчигдөр үзлээ, өнөөдөр орсон нь бэлэн байлаа” гэх тайлбарыг зүүжээ. Энэ нь Канье Уэстийн сүүлийн үед гаргасан еврей үндэстнийг доромжилсон мэдэгдлүүдийг шууд иш татсан хэлбэр байв. Ye нь өмнө нь еврей хүмүүсийн эсрэг дайсагнасан мэдэгдэл хийж, өөрийгөө нацист үзэлтэн хэмээн зарлаж байсан удаатай бөгөөд үүнээсээ болж олон улсын хэмжээнд шүүмжлүүлж, олон тооны гэрээ хэлцлээ цуцлуулж байсан юм.
Уг жиргээ цахим орчинд маш хурдан тархаж, Valorant-ийн сошиал медиа багийг еврей үндэстний эсрэг үзлийг дам байдлаар дэмжиж, зохисгүй агуулга сурталчилсан хэмээн буруутгаж эхэллээ. Зарим тоглогчид үүнийг орчин үеийн хэт хашир соёлоос ангид байх гэсэн оролдлого гэж өмгөөлсөн ч, дийлэнх хэрэглэгчид дэлхийн хэмжээний том тоглоомын албан ёсны сувгаар ийм төрлийн эмзэг сэдвийг хөндөх нь байж боломгүй үйлдэл гэж үзэж байна.
Түүнчлэн уг жиргээг Valorant-ийн сошиал медиа хариуцсан менежер Имран Кидвайтай холбон тайлбарлаж байгаа бөгөөд түүний энэхүү “зоримог” гэгдэх жиргээ нь брэндийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж болзошгүйг шинжээчид сануулж байна. Одоогийн байдлаар олон тооны тоглогчид Riot Games-ийг уг жиргээгээ устгаж, хариуцлага алдсан баг хамт олондоо арга хэмжээ авахыг уриалсаар байна.

