АНУ-ын Агаарын цэргийн хүчин (USAF) технологийн давуу байдлаа хадгалах зорилгоор хөгжүүлж буй зургаа дахь үеийн F-47 сөнөөгч онгоцны төлөвлөгөөнд өөрчлөлт орж, ашиглалтад орох хугацаа нь 2030-аад оны дунд үе хүртэл хойшлох нь тодорхой боллоо.
Энэхүү шинэ хөлөг нь одоогийн тавдугаар үеийн F-22 Raptor онгоцыг орлох зорилготой бөгөөд Boeing компанийн хөгжүүлж буй хамгийн дэвшилтэт байлдааны систем юм. F-47 нь зөвхөн хурд, хүчээр зогсохгүй хиймэл оюун ухаан, сүлжээний өндөр технологид суурилсан бөгөөд дайсны аюулыг автоматаар илрүүлж, байг тодорхойлох чадвартай байх аж. Мөн радарт үл үзэгдэх “stealth” технологийг шинэ шатанд гаргаж, мэдрэгчээс зайлсхийх онцгой чадамжийг цогцлоохоор төлөвлөж байна.

Гэсэн хэдий ч хөгжүүлэлтийн явцад гарсан техникийн болон санхүүгийн хүндрэлүүдийн улмаас хөтөлбөр хойшилсон нь АНУ-ын агаарын давамгайлалд тодорхой хэмжээний эрсдэл учруулж болзошгүйг шинжээчид анхааруулж байна. Үүнээс шалтгаалан Агаарын цэргийн хүчин одоогийн ашиглаж буй F-22 Raptor болон бусад сөнөөгч онгоцнуудынхаа ашиглалтын хугацааг сунгаж, шинэ онгоц бэлэн болох хүртэл сайжруулалт хийхээс өөр аргагүйд хүрчээ.
АНУ агаарын зэвсэглэлийн салбарт тэргүүлэгч байр сууриа хадгалахын тулд шинэ технологид асар их хөрөнгө оруулалт хийсээр байгаа ч F-47 төслийн удаашрал нь ирээдүйн байлдааны бэлэн байдалд томоохон сорилт болоод байна.

