АНУ-д үйлдвэрлэсэн Terminal High Altitude Area Defense (THAAD) буюу өндөр өндөрт баллистик пуужин эсэргүүцэн устгах системийн хэт улаан туяаны (infrared) мэдрэгч бүхий хошуу Сирийн нутаг дэвсгэрээс бүрэн бүтэн олджээ. Энэхүү техник дайсны гарт орсон нь THAAD системийн нууцлаг технологи, ажиллагааны зарчмыг алдах өндөр эрсдэлийг дагуулж байна.
Олон нийтийн сүлжээнд тархсан дүрс бичлэгээс үзвэл, пуужингийн мэдрэгч бүхий “устгагч хэсэг” (kill vehicle) болон бусад бүрэлдэхүүн хэсгүүд газарт хэвтэж байгаа нь харагджээ. Уг олдвор Сирийн зүүн өмнөд хэсэгт орших Сувайда хотын ойролцоогоос олдсон гэх мэдээлэл байгаа ч албаныхан үүнийг хараахан баталгаажуулаагүй байна. Одоогоор АНУ-ын зэвсэгт хүчин THAAD системийг Израиль болон Иордан улсуудад байршуулаад байгаа юм.
THAAD систем нь богино болон дунд зайн баллистик пуужингуудыг нислэгийнх нь эцсийн шатанд амдан устгах зориулалттай. Пуужинг хөөргөх үед AN/TPY-2 радар болон бусад мэдрэгчээс ирсэн мэдээллээр чиглүүлдэг бол хөөрсний дараа пуужингийн хошуу хэсэг нь бие даан салж, байгаа өндөр хурдтайгаар мөргөж устгадаг онцлогтой.
Энэхүү мэдрэгч бүхий хэсэг бүрэн бүтэн олдож, Иран, Орос эсвэл Хятадын талд очсон тохиолдолд тэд АНУ-ын агаарын довтолгооноос хамгаалах системийн эмзэг цэгийг олж тогтоох, улмаар эсрэг арга хэмжээ авах технологи боловсруулах аюултай юм. Энэ нь АНУ-ын цэргийн технологийн давуу талд томоохон цохилт болж, ирээдүйн пуужингийн хамгаалалтын стратегийг өөрчлөхөд хүргэж болзошгүй байна.

