Илон Маскийн SpaceX компани ирэх зургадугаар сард 1,500 орчим жижиглэнгийн хөрөнгө оруулагчдыг хамарсан томоохон арга хэмжээ зохион байгуулж, 2 их наяд ам.долларын үнэлгээтэйгээр хувьцаагаа олон нийтэд санал болгох (IPO) бэлтгэлээ албан ёсоор эхлүүллээ. Тус компани нийт хувьцааныхаа 30 хүртэлх хувийг жирийн хөрөнгө оруулагчдад зориулан гаргахаар төлөвлөж байгаа нь санхүүгийн зах зээлийн түүхэн дэх хамгийн том үзүүлэлт болох төлөвтэй байна.
Reuters агентлагийн мэдээлснээр, SpaceX ирэх зун хөрөнгө оруулагчдад зориулсан сурталчилгааны аянаа эхлүүлэх бөгөөд 6 дугаар сарын 7-нд шинжээчидтэй, 11-нд жижиглэнгийн хөрөнгө оруулагчидтай тус тус уулзалт хийхээр товложээ. SpaceX-ийн Санхүүгийн захирал Брет Жонсен “Жижиглэнгийн хөрөнгө оруулагчид энэхүү IPO-д шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх бөгөөд бусад түүхэн хэлцлүүдээс харьцангуй өндөр хувийг эзэлнэ” хэмээн онцолсон байна.
Сансар судлал болон хиймэл оюун ухааны салбарт тэргүүлэгч тус компани өнгөрсөн хоёрдугаар сард xAI компанитай нэгдсэнээр үнэлгээ нь 1.25 их наядаас 2 их наяд ам.долларт хүрч өсжээ. Bloomberg Intelligence-ийн ахлах шинжээч Жорж Фергюсон SpaceX-ийн энэ жилийн орлогыг 20 тэрбум ам.доллар, харин хиймэл оюун ухааны салбарын орлогыг 1 тэрбум ам.долларт хүрнэ гэж таамаглаж байна.
SpaceX өнгөрсөн онд 15-16 тэрбум ам.долларын орлого олсны дийлэнх хэсгийг Starlink хиймэл дагуулын интернэт үйлчилгээ болон АНУ-ын Засгийн газартай байгуулсан батлан хамгаалах, сансрын аяллын гэрээнүүд бүрдүүлсэн юм. Компанийн шинэ Starship пуужин нь ирээдүйд сансарт дата төв байгуулах стратегийн зорилтыг биелүүлэхэд гол хөшүүрэг болно гэж үзэж байна.

