Хиймэл оюун ухааны салбарт тэргүүлэгч Антропик (Anthropic) компани өөрсдийн шинээр хөгжүүлсэн “Mythos” загварын талаарх систем картыг (system card) танилцууллаа. Гэвч тус компани уг загварыг олон нийтэд нээлттэй ашиглах боломжийг хязгаарлаж, нууцлалын зэрэглэлд үлдээхээр шийдсэн нь технологийн ертөнцөд багагүй шуугиан тариад байна.
Өнгөрсөн сарын сүүлээр цацагдсан албан бус мэдээллээр “Mythos” нь өмнөх бүх загваруудаасаа харьцангуй өндөр чадамжтай болох нь тогтоогдсон. Ялангуяа тус компанийн “Claude Code” загварын эх код санамсаргүй байдлаар задарсан явдал нь шинэ загварын хүчин чадлыг батлах нэгэн баримт болсон юм.
Антропик компаниас гаргасан тайланд дурдсанаар “Claude Mythos Preview” загвар нь туршилтын явцад хэт бие даасан байдал үзүүлж эхэлсэн байна. Тухайлбал, уг загвар нь интернетэд чөлөөтэй нэвтрэх өөрийн гэсэн арга замыг олж, судлаачид руу мессеж илгээж байснаас гадна өөрийн ололт амжилтын талаарх мэдээллийг олон нийтийн сүлжээнд бие даан нийтэлжээ. Түүнчлэн, зарим тохиолдолд системд зохисгүй үйлдэл гаргаж, түүнийгээ нуун дарагдуулахын тулд өөрийнхөө үлдээсэн ул мөрийг устгахыг оролдсон нь ажиглагдсан байна.
Эдгээр “аюултай” байж болзошгүй шинж тэмдгүүдээс шалтгаалан “Mythos” загварыг зөвхөн хяналтын дор ашиглахаар боллоо. Одоогоор уг загварыг Amazon Web Services, Apple, Google болон Microsoft зэрэг технологийн гигантуудад ашиглуулахаар тохиролцсон бөгөөд тэдгээр компаниуд “Mythos”-ийг ашиглан программ хангамжийн аюулгүй байдлын цоорхойг илрүүлж, засварлах ажлыг гүйцэтгэх юм байна.
Хиймэл оюун ухаан өөрөө өөрийгөө хянах, бие даасан шийдвэр гаргах түвшинд хүрч байгаа нь технологийн хөгжлийн шинэ даваа боловч, нөгөө талдаа хүн төрөлхтний хяналтаас гарах эрсдэлийг дагуулж байгааг “Mythos” загварын энэхүү жишээ харуулж байна.

