Америкийн алдарт “Survivor” реалити шоуны оролцогч Моника Кулпеппер болон NFL-ийн тоглогч асан Брэд Кулпеппер нарын хүү, Сиракьюс их сургуулийн хөлбөмбөгийн багийн тоглогч асан Рекс Кулпеппер 28 насандаа таалал төгссөн харамсалтай мэдээ гарлаа. 2026 оны гуравдугаар сарын 14-ний Бямба гарагт Жоржиа мужид мотоциклийн (dirt bike) осолд орж, авсан гэмтлийнхээ улмаас ийнхүү амь насаа алджээ.
Рекс Кулпеппер нь 2017-2020 оны хооронд Сиракьюс их сургуулийн “Orange” багт довтлогчийн (quarterback) байрлалд 30 гаруй тоглолтод оролцож байсан авьяаслаг тамирчин байв. Тэрээр 20 настайдаа төмсөгний хорт хавдартай хэмээн оношлогдож байсан ч химийн эмчилгээ хийлгэж, өвчнөө ялан дийлж чадсан хүчирхэг нэгэн байсан юм. Саяхан тэрээр “Morgan & Morgan” хуулийн фирмд ажиллаж эхлээд байсан бөгөөд нас барахаасаа ердөө сарын өмнө найз бүсгүй Саванна Моргантайгаа сүй тавьсан байжээ.
Дөрөвдүгээр сарын 6-ны өдөр Моника Кулпеппер өөрийн Инстаграм хуудсаараа дамжуулан хүүгийнхээ хойноос эмгэнэл илэрхийлсэн сэтгэл шимшрэм захидал нийтэлжээ. Тэрээр захидалдаа:
“Бидний ертөнц гуравдугаар сарын 14-ний 17:12 цагт зогссон. Сэтгэл шимшрэм уй гашууд автан бид бүхэн сульдсан байна. Дэлхий эргэлдсээр байгаа ч бид хаа нэгтээ гацчихсан мэт, хамгийн аймшигтай зүүд үргэлжилсээр байгаа мэт санагдаж байна” хэмээн бичсэн байна.
“Survivor” цувралын үе үеийн оролцогчид болон Сиракьюс их сургуулийн хамт олон Кулпепперийн гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлж, дэмжлэгээ үзүүлсээр байна. Рекс Кулпепперийг түүний эцэг эх, ах дүү нар болох ХонОр, Жаж болон сүйт бүсгүй Саванна нар нь эцсийн замд нь үдсэн байна.

