Украйны тусгай ажиллагааны хүч Ливийн нутаг дэвсгэрээс Оросын газрын тосны танкер руу дайралт хийсэн нь барууны холбоотнуудын зөвшөөрөлтэйгээр явагдсан байж болзошгүй тухай мэдээлэл цацагдлаа.
Гуравдугаар сарын эхээр Ливийн баруун хэсэгт үйл ажиллагаа явуулж байсан Украины цэргийн нууц нэгж 61,000 тонн шингэрүүлсэн хий тээвэрлэж явсан Оросын “Arctic Metagaz” танкер руу далайн дроноор халдсан байна. Уг халдлагын улмаас хөлөг онгоцонд их хэмжээний гал гарч, ноцтой гэмтэл учруулжээ. “Arctic Metagaz” нь Олон улсын хоригийг тойрч, дайны санхүүжилтийг босгох зорилготой Оросын “сүүдрийн флот”-ын нэг хэсэг байсан юм.
Украйны тал энэ ажиллагаанд албан ёсоор тайлбар өгөөгүй ч, Оросын эрчим хүчний экспортын дэд бүтэц нь дайныг санхүүжүүлж буй учраас хууль ёсны бай болно гэдгийг өмнө нь мэдэгдэж байсан билээ.
АНУ-ын ТТГ-ын захирал асан Дэвид Петрэус Оросын арми тоо болон техникээр давуу байгаа ч фронтын шугам дээр Украины эсрэг “стратегийн давуу тал олж чадахгүй” байна гэж дүгнэжээ. Тэрээр Украины цэргүүд хамгаалалтаа амжилттай барьж, Оросын давшилтыг тогтоон барьж байгааг онцолсон байна.
Камеруны засгийн газар Орос улсад гэрээгээр цэргийн алба хааж байсан тус улсын 16 иргэн Украины дайнд амь үрэгдсэнийг баталгаажууллаа. Орос улс дотоодын цэрэг татах нөөц нь багассантай холбоотойгоор Африк тивийн орнуудаас иргэдийг өндөр цалин амлан дайнд татан оролцуулж байгааг ажиглагчид тэмдэглэж байна.
Украйны тагнуулын албанаас мэдээлснээр Орос болон Иран улсууд АНУ-ын цэргийн байгууламжуудыг тандах зорилгоор Оросын хиймэл дагуулуудыг ашиглаж эхэлжээ. Гуравдугаар сарын сүүлээр Оросын хиймэл дагуул Азийн 11 улс дахь 46 байгууламжийн, түүний дотор АНУ-ын баазууд болон газрын тосны ордуудын дүрсийг авч, Ираны талд дамжуулсан байна.
Түүнчлэн Украйны 14-р тусгай механикийн бригадын цэргүүд дроны тусламжтайгаар фронтын шугам дээр гацаад байсан гэр хүнгүй нохой, муурыг аварч буй бичлэгээ цахим хуудсандаа нийтэлжээ. Улс төрийн хүрээнд АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д. Вэнс Европын Холбоог Унгарын сонгуульд хөндлөнгөөс оролцож байна хэмээн шүүмжилж, Виктор Орбаныг дэмжсэн байр суурь илэрхийлээд байна.

