Корнеллийн их сургуулийн эрдэмтэд эрчүүдийн үр хөврөлийн эс боловсруулалтыг дарангуйлдаг, гормоны тэнцвэрт байдалд нөлөөлөхгүй, нөлөөллийг нь эргүүлэн зогсоох боломжтой нэгэн шинэ бэлдмэлийг амжилттай туршжээ. Судалгааны хүрээнд эрдэмтэд хулгана дээр туршилт хийхдээ мейозын үе шатанд буюу үр хөврөлийн эс хуваагдах үйл явцад нөлөөлөх замаар эр бэлгийн эсийн үйлдвэрлэлийг зогсоож чадсан байна. Хамгийн гол нь энэхүү арга нь эрэгтэй хүний биеийн тестестерон зэрэг чухал даавруудад ямар нэгэн өөрчлөлт оруулдаггүйгээрээ онцлог юм.
Судалгаанд анх хавдар болон үрэвслийн эсрэг ашиглагддаг байсан JQ1 хэмээх молекулыг ашигласан бөгөөд уг молекул нь мейозын эхний шатыг тасалдуулж, үр хөврөлийн эс боловсрох үйл явцыг бүрэн хаадаг болохыг тогтоожээ. Гурван долоо хоногийн турш уг бэлдмэлийг хэрэглэсэн хулгануудад эр бэлгийн эс үүсэх явц зогссон ч элэг, бөөр зэрэг дотор эрхтнүүдэд ямар нэгэн сөрөг нөлөө илрээгүй байна. Харин эмчилгээг зогсоосноос хойш зургаан долоо хоногийн дараа хулгануудын нөхөн үржихүйн үйл ажиллагаа бүрэн сэргэж, эрүүл үр төл гаргасан нь уг аргын эргэх чадварыг баталгаажуулсан юм.
Энэхүү нээлт нь эрэгтэйчүүдэд зориулсан жирэмснээс хамгаалах эм бэлдмэлийн салбарт томоохон дэвшил авчирч байна. Одоогийн байдлаар эрчүүдийн хувьд бэлгэвч эсвэл үрийн сувгаа боолгох гэсэн үндсэн сонголтууд байдаг бол энэхүү дааврын бус эм нь илүү уян хатан, аюулгүй хувилбар болох боломжтой юм. Эрдэмтэд одоо уг судалгааг улам нарийвчилж, мейозын үйл явцыг бүр эрт үе шатанд нь таслах аргуудыг судалж байгаа бөгөөд цаашид клиник туршилтад шилжүүлэхээр төлөвлөж байна.

