Грек улсын Ерөнхий сайд Кириакос Мицотакис 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн 15 хүртэлх насны хүүхдүүдийн сошиал медиа хэрэглээг бүрэн хориглох шийдвэр гаргаснаа албан ёсоор мэдэгдлээ. Энэхүү алхмыг хүүхэд, өсвөр үеийнхний дунд нэмэгдэж буй сэтгэл түгшүүр, нойрны эмгэг болон сошиал платформуудын донтуулах нөлөөг хязгаарлах зорилготой хэмээн тайлбарлаж байна. Ерөнхий сайд хүүхдүүдэд хандсан мэдэгдэлдээ дэлгэцийн өмнө хэт их цаг өнгөрөөх нь оюун санааг амраах бус, харин ч бусадтай өөрийгөө харьцуулах болон цахим орчны сөрөг сэтгэгдлээс үүдэлтэй байнгын дарамтад оруулдаг болохыг онцлон анхааруулжээ.
Грекийн Засгийн газар хүүхдийг цахим хамаарлаас хамгаалах чиглэлээр өмнө нь сургуулийн орчинд гар утас хэрэглэхийг хориглож, эцэг эхийн хяналтын системийг нэвтрүүлээд байсан юм. Ерөнхий сайд Мицотакис хэлэхдээ “Грек улс энэ төрлийн санаачлагыг хэрэгжүүлсэн анхны улсуудын нэг болж байгаа ч сүүлчийнх нь болохгүй гэдэгт итгэлтэй байна. Бид Европын Холбоог ч энэ чиглэлд нэгдсэн зохицуулалт хийхийг уриалж байгаа” хэмээн мэдэгдэв.

Одоогоор дэлхий дахинд хүүхдийн цахим хэрэглээг хязгаарлах хандлага хүчтэй өрнөж байна. Өнгөрсөн жил Австрали улс 16 хүртэлх насныхны сошиал медиа хэрэглээг хориглосон бол Словени, Их Британи, Австри, Испани зэрэг улсууд ижил төстэй хязгаарлалт тогтоохоор ажиллаж байна. Тухайлбал, Их Британийн Засгийн газар хүүхдүүдийн дунд сошиал медиаг тодорхой цагт хэрэглүүлэх туршилтуудыг зохион байгуулж, цахим орчны аюулгүй байдлыг сайжруулах шинэ арга замуудыг судалж байгаа юм.

