ОХУ-ын Гадаад хэргийн яам Японы Элчин сайдыг дуудаж, Токиод төвтэй компани Украины дрон үйлдвэрлэгчид хөрөнгө оруулалт хийсэн явдалд албан ёсоор эсэргүүцэл илэрхийллээ. ОХУ-ын зүгээс уг хэлцлийг манай улсын аюулгүй байдлын ашиг сонирхолд хортой, дайсагнасан үйлдэл хэмээн тодорхойлж байна.
Токиод төвтэй “Terra Drone Corporation” компани өнгөрсөн долоо хоногт Украины “Amazing Drones” компанид стратегийн хөрөнгө оруулалт хийхээ зарласан юм. Харьков хотод үйл ажиллагаа явуулдаг “Amazing Drones” нь дайсны дроныг илрүүлэн устгах зориулалттай технологи хөгжүүлдэг бөгөөд талууд хамтран Оросын халдлагыг сөрөх “Terra A1” загварын дроныг гаргахаар төлөвлөжээ.
ОХУ-ын Гадаад хэргийн яам энэхүү хамтын ажиллагаа нь хоёр улсын харилцааг “урьд өмнө байгаагүй доод түвшинд” хүргэж буйг сануулж, Оросын нутаг дэвсгэр рүү чиглэсэн Украины дрон халдлагууд системчилсэн шинжтэй байгааг дурдсан байна.
2022 оны хоёрдугаар сард дайн эхэлснээс хойш Япон улс Өрнөдийн орнуудтай нэгдэн ОХУ-д хориг арга хэмжээ авсан билээ. Мөн 2024 онд Украинтай 10 жилийн хугацаатай аюулгүй байдлын гэрээ байгуулж, хүмүүнлэгийн тусламж болон сэргээн босголтын дэмжлэг үзүүлэхээ амласан. Үүнээс гадна Японы тал НАТО-гийн санаачилгын хүрээнд Украинд радар систем, сум нэвтэрдэггүй хантааз зэрэг амь насанд аюул учруулахгүй тоног төхөөрөмж нийлүүлэхээр ажиллаж байна.

