АНУ-ын Ерөнхийлөгч асан Жо Байдены хүү Хантер Байден, одоогийн Ерөнхийлөгч Дональд Трампын хөвгүүд болох Дональд Трамп Жуниор болон Эрик Трамп нарыг “Торон дотрох тулаан”-д (cage match) албан ёсоор урьж, дуулиан тарьж байна. Энэхүү хачирхалтай урилга нь “Channel 5” сувгийн үүсгэн байгуулагч, инфлүенсер Эндрью Каллаханы зохион байгуулж буй “Carnival” аялан тоглолтын үеэр гарсан юм.
Инстаграм хуудсанд нийтлэгдсэн видео бичлэгт Хантер Байден хэрэв Каллахан энэхүү арга хэмжээг зохион байгуулж чадвал тэрээр 100 хувь бэлэн байгаагаа илэрхийлжээ. Тэрээр “Би Эрик болон Дон Жуниор нарыг торны тулаанд урьж байна. Хэрэв тэд зөвшөөрвөл би оролцоно, зөвшөөрөхгүй байсан ч би арга хэмжээнд очих болно” хэмээн мэдэгдсэн байна.
Хантер Байден 4-р сарын сүүлээр Финикс, Сан-Диего, Альбукерке хотуудад болох Эндрью Каллаханы аялан тоглолтод оролцохоор төлөвлөж байгаа бөгөөд уг тулааныг энэхүү аяллын хүрээнд зохион байгуулахаар яригдаж байгаа аж. Одоогоор Трампын гэр бүлийн зүгээс энэхүү урилгад албан ёсны хариу өгөөгүй байна.
Энэхүү үйл явдал нь АНУ-ын түүхт 250 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Цагаан ордноос 6-р сарын 14-нд зохион байгуулахаар төлөвлөж буй UFC-ийн тусгай арга хэмжээтэй давхцаж байгаа нь олны анхаарлыг улам татаж байна. Хэдийгээр талуудын насны зөрүү их (Хантер Байден Трампын хөвгүүдээс 10-14 насаар ах) боловч улс төрийн хүрээнийхний гэр бүлийн маргаан ийнхүү спортын талбарт шилжих магадлалтай болсон нь 2023 онд Илон Маск, Марк Зукерберг нарын хооронд яригдаж байсан тулааныг санагдуулж байгаа юм.

