Америкийн поп дуучин Сабрина Карпентер сүүлийн жилүүдэд өөрийн уран бүтээлүүдээ видео клипүүдээр дамжуулан нэгэн цогц “кино ертөнц” (cinematic universe) хэлбэрээр бүтээж, үзэгчдийг алмайруулж байна. Түүний “Espresso”, “Please Please Please” болон хамгийн сүүлд гарсан “House Tour” зэрэг дууны клипүүд нь өөр хоорондоо нарийн сэжмээр холбогдож, үргэлжилсэн түүхийг өгүүлдэг.
Карпентерийн клипүүдийн хамгийн тод “гарын үсэг” нь эрэгтэй дүрүүд эмгэнэлтэйгээр амьдралаас хальдаг явдал юм. Энэхүү хачирхалтай “заншил” нь 2023 онд гарсан “Feather” клипнээс эхэлсэн бөгөөд “Espresso” дээр тэрээр хөлөг онгоц хулгайлж, зээлийн картаар мөрөө үлдээн баривчлагдаж буйгаар үргэлжилдэг.
Шоронгоос эхлээд “Бонни ба Клайд” хүртэл
“Please Please Please” клипэнд Карпентер шоронгоос суллагдаж буйгаар гардаг нь “Espresso” клипийн шууд үргэлжлэл юм. Учир нь тэрээр суллагдахдаа өмнөх клип дээр өмссөн хар нарны шилээ зүүсэн байдаг. Энэхүү бүтээлдээ тэрээр жүжигчин Барри Кеогантай хамтран орчин үеийн “Бонни ба Клайд”-ын дүрийг бүтээдэг ч төгсгөлд нь түүнийг сандалд уяж, аманд нь наалт хийн орхидог нь дараагийн клипүүдийн зангилаа болдог.
“Taste” дууны клипэнд Сабрина өмнөх клипт гарсан наалтыг дурсгал болгон хадгалж буй нь харагддаг. Энд тэрээр жүжигчин Женна Ортегатай нэгэн эрийн төлөө цуст тулаан хийх боловч эцэстээ тэд нэгдэж, “хайрын эзэн” нь ямар ч үнэ цэнгүй байсныг ойлгодог. Сонирхолтой нь, “Please Please Please” дээр гарсан Кеоганы дүр энэ клипэнд Женна Ортегагийн гарт санамсаргүйгээр амиа алддаг нь түүний “кино ертөнц”-ийн нэгэн хэсэг юм.
“Хүн алдаг” заншил ба “House Tour”
“Manchild” болон “Tears” клипүүдэд Сабрина чадваргүй, хүүхэд шиг эрчүүдтэй учирч, тэднийг өөрийнхөө “заншил”-ын дагуу амьдралаас салгасаар байдаг. “Tears” клипийн төгсгөлд тэрээр ослоос амьд үлдсэн нэгнийг өсгийтөөрөө цохиж устгаад, “хүн алдаг” зуршлаа дахин баталдаг.
Хамгийн сүүлд олны хүртээл болсон “House Tour” клипэнд Карпентер цустай өсгийтөө шинэ улаан өсгийтөөр сольж буй нь “Tears” клипийн шууд үргэлжлэл гэдгийг фэнүүд нь анзаарчээ. “The Bling Ring” киноноос санаа авсан уг клипэнд Сабрина болон түүний найзууд болох Маргарет Куэлли, Маделин Клайн нар Холливудын шилтгээнд хулгай хийж, зугтах замдаа дахин нэгэн эрийг машинаараа мөргөж хөнөөдөг. Ийнхүү Сабрина Карпентер клип бүрээрээ өөрийн гэсэн өвөрмөц, нууцлаг бөгөөд бага зэрэг “аймшигтай” түүхийг хүүрнэсээр байна.

