“Челси” клубын хагас хамгаалагч Энцо Фернандес багийн дотоод сахилгын шийтгэлийн улмаас ирэх ням гарагт болох “Манчестер Сити”-гийн эсрэг чухал тоглолтыг өнжихөөр боллоо. Аргентин тоглогч Мадрид хотод амьдрах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэнтэй холбоотойгоор клубээс түүнд хоёр тоглолт өнжих торгууль ногдуулаад байгаа юм. Тэрээр шигшээ багийнхаа тоглолтын үеэр Испанийн нийслэлд амьдрах сонирхолтой байгаагаа дурдсан нь түүнийг энэ зун “Реал Мадрид” руу шилжих гэж байна гэсэн таамаглалыг хүчтэй өдөөсөн билээ. Фернандес оногдуулсан шийтгэлийн эхний тоглолтыг “Порт Вэйл”-ийг 7:0-ээр хожсон FA цомын тоглолтын үеэр эдэлсэн бол ийнхүү Премьер лигийн хамгийн хариуцлагатай тулааныг мөн гаднаас үзэхээр болов.
“Челси”-гийн дасгалжуулагч Лиам Розенрор хэвлэлийн бага хурлын үеэр Энцо Фернандес гаргасан алдаагаа ухамсарлаж, багаасаа уучлалт гуйсан гэдгийг баталсан юм. Гэсэн хэдий ч тэрээр “Энэ бол ноцтой асуудал байсан. Би Энцотой хэд хэдэн удаа нүүр тулан ярилцсан. Тэр уучлалт гуйсан ч тогтоосон шийтгэл хэвээр үлдэж, энэ амралтын өдрүүдэд тэр талбайд гарахгүй” хэмээн хатуу байр суурьтай байгаагаа илэрхийллээ. Ийнхүү “Цэнхэрүүд” дунд шугамын гол тоглогчгүйгээр хүчирхэг өрсөлдөгчийнхөө эсрэг тулалдахаар болж байна.

“Челси” клуб сүүлийн есөн удаагийн тулаанд “Манчестер Сити”-д хожигдоогүй байгаа гайхалтай амжилтыг үзүүлж байгаа бөгөөд Аваргуудын лигт оролцох эрхээ баталгаажуулахын тулд энэхүү тоглолтод заавал ялалт байгуулах шаардлагатай байгаа юм. 2025/26 оны улиралд Энцо Фернандес Челсигийн төлөө 30 тоглолтод оролцож, 8 гоол, 3 гоолын дамжуулалт өгөн, 86 хувийн дамжуулалтын нарийвчлалтай тоглосон үзүүлэлттэй байна. Дасгалжуулагч Розенрор баг нь хүнд үеүдийг туулж байгаа ч ямар ч хүчирхэг өрсөлдөгчийг буулган авах чадвартай гэдэгт итгэлтэй байгаагаа онцолжээ.

