Хиймэл оюун ухааны (AI) салбарт аюулгүй байдал, ёс зүйн стандартыг чанд баримтлагч Anthropic компани өөрсдийн хөгжүүлж буй “Claude” загварыг хэрхэн “зөв хүмүүжилтэй” байлгах талаар сонирхолтой алхам хийлээ. Тус компани Калифорнийн Сан-Франциско хот дахь төв байрандаа христийн шашны 15 туршлагатай төлөөлөгчийг урьж, AI-ийн ёс суртахуун болон үнэт зүйлсийн талаар тусгай хэлэлцүүлэг зохион байгуулжээ. “Хүн төрөлхтний төлөө” гэсэн уриатай тус компанийн үүсгэн байгуулагч Дарио Амодей нь бусдад туслахыг эрхэмлэх үзэл санааг үйл ажиллагаандаа голчилдог нэгэн юм.
Хэлэлцүүлгийн үеэр Anthropic-ийн судлаачид “Claude”-ийг зөвхөн алгоритм төдий зүйл биш, харин ёс суртахууны хувьд хөгжих боломжтой “бие даасан нэгж” гэдэг өнцгөөс авч үзсэн байна. AI-ийн этикийн багш Брайан Патрик Грин “Claude-д ёс суртахууны хүмүүжил олгох нь юу гэсэн үг вэ? Бид түүнийг зөв зан авиртай байлгахыг хэрхэн баталгаажуулах вэ?” хэмээх асуултыг хөндсөн нь технологийн салбарынхны анхаарлыг татлаа. Түүнчлэн технологийн салбарт ажиллаж байсан туршлагатай католик лам Брендан МакГуайр оролцож, “Бид бүрэн таньж мэдэхгүй зүйлийг бүтээж буй энэ үед машинд дасан зохицох чадвартай ёс суртахууны сэтгэлгээг суулгах нь хамгийн чухал” гэдгийг онцолжээ.
Тус компани ойрын хугацаанд хувьцаагаа олон нийтэд нээлттэй худалдаалах (IPO) бэлтгэлээ базааж байгаа бөгөөд энэхүү ёс зүйн хэлэлцүүлэг нь хөрөнгө оруулагчдад тэдний хариуцлагатай байдлыг харуулах нэг хэлбэр болж байна. Anthropic-ийн төлөөлөгчид цаашид зөвхөн христийн гэлтгүй бусад шашин, соёлын төлөөлөгчдийг урьж, Claude-ийг дэлхийн нийтийн үнэт зүйлд нийцсэн, аюулгүй систем болгон хөгжүүлэх хэлэлцүүлгүүдийг үргэлжлүүлэн зохион байгуулахаа мэдэгдлээ.

