АНУ-ын холбооны шүүхээс Ерөнхийлөгч асан Дональд Трампын “The Wall Street Journal” сонины эсрэг гаргасан 10 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Флорида мужийн тойргийн шүүгч Даррин П.Гейлс Ерөнхийлөгч асан Трампыг гүтгэлгийн хэргээр “бодит хор хөнөөл” амссан гэдгээ нотлох хангалттай баримт гаргаж чадаагүй гэж үзсэн байна. Шүүгч уг шийдвэрийг гаргахдаа Дональд Трамп нь Жон Руперт Мердок болон тус сонины сэтгүүлчдийг Жеффри Эпстайны төрсөн өдрийн захидлыг нийтэлсний төлөө шүүхэд өгсөн боловч уг захидал огт байдаггүй гэх Трампын мэдэгдлийг дурджээ.
Трампын нэхэмжлэлд дурдсанаар, тус сонины нийтэлсэн Эпстайны захидал нь худал, гүтгэлэгтэй бөгөөд “хуурамч мэдээ” байсан хэмээн тэрбээр үзэж байв. Гэсэн хэдий ч шүүгч Гейлс уг нэхэмжлэлийг хуулийн стандартыг хангаагүй гэж үзсэн бөгөөд Ерөнхийлөгч асан Трамп цаашид нэхэмжлэлээ засаж, дахин гаргах боломжтойг онцолсон байна.
“The Wall Street Journal” сонинд нийтлэгдсэн Эпстайны 50 насны төрсөн өдрийн захидалд “Бид хэд хэдэн зүйлийг хуваалцдаг” болон “Найз нөхөд бол гайхалтай зүйл. Төрсөн өдрийн мэнд хүргэе – өдөр бүр гайхалтай нууц байх болтугай” гэсэн агуулгатай байсан нь олон нийтийн анхаарлыг татсан юм. Энэхүү нийтлэл нь Эпстайны хэргийг шалгаж буй Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих нэмэлт шалтгаан болж, Дональд Трамп болон Эпстайн нарын холбоо хамаарлын асуудалд анхаарал хандуулахад хүргээд байв.
Шүүхийн шийдвэрээр Ерөнхийлөгч асан Трампын нэхэмжлэл нь тус сонины нийтлэлийн улмаас ноцтой хохирол амссан гэдгийг нотлох хангалттай баримтгүй гэж үзсэн байна. Харин “The Wall Street Journal” сонины өмгөөлөгчид уг нийтлэлийг үнэн бодит бөгөөд Конгрессоос нийтэлсэн албан ёсны баримтаар нотлогдсон гэж мэдэгджээ.

