ОХУ-ын Хабаровск мужийн Комсомольск-на-Амуре хотод байрлах “Роснефть” компанийн газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллаж байсан 200 гаруй Хятад ажилчин цалин хөлсөө аваагүй шалтгаанаар жагсаал зохион байгууллаа. Тэд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон “Роснефть”-ийн гүйцэтгэх захирал Игорь Сечин нарт хандан тусламж хүсэж, цалингаа нэхэмжилсэн байна.
“Роснефть” компанийн зүгээс мэдэгдэхдээ, үйлдвэрийн зүгээс туслан гүйцэтгэгч Хятадын “Haihua Industry Group”-ийн охин компани болох “Petro-Hehua”-д гэрээний дагуу бүх төлбөрийг бүрэн шилжүүлсэн бөгөөд ажилчдын өмнө ямар нэгэн санхүүгийн өр төлбөргүй гэдгээ онцолжээ. Харин “Petro-Hehua” компанитай байгуулсан гэрээг ажлын чанар муу, хугацаа хоцроосон гэх шалтгаанаар цуцалсан байна.
Орон нутгийн эрх баригчид болон прокурорын газраас уг асуудалд хөдөлмөрийн хууль тогтоомж зөрчигдсөн эсэх талаар албан ёсны шалгалт эхлүүлээд байна. Хабаровск мужийн Дотоод хэргийн сайд Сергей Дмитриевийн мэдээлснээр, ажилчдад БНХАУ руу буцахад нь дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж байгаа ч “Petro-Hehua” компанийн удирдлага гадаадад байгаа бөгөөд ажилчидтай уулзахаас зайлсхийж байгаа аж.
Даваа гарагт ажилчид эсэргүүцлийн ажиллагаагаа дахин үргэлжлүүлсэн тул цагдаагийн байгууллага болон Үндэсний гвардын цэргүүд үйлдвэрийн орчмын авто замыг хааж, хамгаалалтад авсан байна. Одоогоор ОХУ-ын Гадаад хэргийн яам болон БНХАУ-ын Хабаровск дахь Консулын газар асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна.

