Ford компанийн гүйцэтгэх захирал Жим Фарли АНУ руу импортолж буй БНХАУ-ын автомашинууд нь тус улсын сая орчим ажлын байранд бодит эрсдэл учруулж болзошгүйг анхаарууллаа. Тэрээр “Fox News” сувагт өгсөн ярилцлагадаа автомашины үнийн өсөлт болон дэлхийн зах зээл дэх өрсөлдөөний асуудлыг хөндөхдөө БНХАУ-ын илүүдэл үйлдвэрлэлийн хүчин чадал нь АНУ-ын жилийн хэрэгцээг бүрэн хангаад зогсохгүй давах хэмжээнд хүрснийг онцлон тэмдэглэжээ.
Фарлигийн тайлбарласнаар БНХАУ-ын авто үйлдвэрлэгчид төрөөсөө их хэмжээний шууд татаас, дэмжлэг авдаг байна. Тус улс 2026 онд 29 сая автомашин үйлдвэрлэх төлөвтэй байгаагаас гадна жилд нэмж 21 сая автомашин үйлдвэрлэх нөөц хүчин чадалтай байгаа аж. Энэхүү асар их нөөц нь АНУ-д жилд борлуулагддаг 16 сая орчим шинэ автомашины зах зээлийг бүхэлд нь эзлэх аюултайг тэрээр сануулсан юм.
“Үйлдвэрлэлийн салбар бол манай улсын зүрх, сэтгэл юм. Хэрэв бид энэ салбараа алдвал улс орны хувьд сүйрэлд хүргэнэ” хэмээн Фарли онцолжээ. Мөн тэрээр БНХАУ-ын автомашинуудтай холбоотой кибер аюулгүй байдлын асуудалд ихээхэн санаа зовж буйгаа илэрхийлсэн байна. Орчин үеийн автомашин бүр дор хаяж 10 камертай бөгөөд тэдгээр нь асар их хэмжээний мэдээлэл цуглуулах чадвартай байдгийг тэрээр дурдлаа.

