UFC 327 тэмцээний үеэр Аарон Пикод ялагдсан Патрисио Питбулл тулааны явцад нүүрний яс нь хэд хэдэн хэсэгтээ хугарч, хүнд гэмтэл авснаа мэдэгдлээ.
Тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан эхний раундын төгсгөлд баруун нүдний орбиталь яс болон хамарны яс нь хугарсан тухай мэдээлсэн юм. Энэхүү гэмтэл нь түүний хараанд шууд нөлөөлж, тоглолтын төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх боломжгүй болгосон байна.
“Өрсөлдөгч маань маш хурдан, сайн бэлтгэлтэй байлаа. Хоёрдугаар раундаас эхлэн миний тоглолт унасан нь нүдэндээ авсан хүчтэй цохилттой холбоотой. Нүд нээлттэй байх үед орсон цуврал цохилтууд орбиталь ясыг хугалж, харааг маань хязгаарласан тул зөвхөн хамгаалахаас өөр аргагүй болсон” хэмээн Питбулл ярьжээ.
Бразил тулаанч ойрын долоо хоногуудад нэмэлт шинжилгээ өгөх бөгөөд одоогоор мэс засал хийлгэх шаардлагагүй гэж үзэж байгаа аж. Тэрбээр гэмтлийн талаар ярьж буй нь ялагдлаа зөвтгөх гэсэн хэрэг биш гэдгийг онцлоод, өрсөлдөгч Пикод баяр хүргэсэн байна.
Патрисио Питбулл UFC-д ирснээсээ хойш 1 ялалт, 2 ялагдалтай яваа ч аваргын бүсийн төлөөх мөрөөдлөө орхихгүй гэдгээ илэрхийлэв. “Би энэ жинд юу хийж чадахаа мэднэ. Одоохондоо аваргын тулааны талаар ярихгүй ч, хэд хэдэн тулаан хийж байр сууриа эргүүлэн олох болно. Тулаан гэдэг ялагдах эрсдэлтэй байдаг, би ч үүнийг мэднэ. Гэхдээ би удахгүй эргэн ирнэ” хэмээн тэрбээр нэмж хэллээ.

