Удахгүй болох түүхэн тулааны өмнөх хэвлэлийн бага хурал дээр UFC-ийн домогт тамирчин Ронда Раузи одоогийн аварга Кайла Харрисоныг “хэн ч биш” хэмээн нэрлэж, өөрийг нь худалч гэж дуудсанд нь ихэд ундууцан хатуухан хариулт өглөө.
Хэдийгээр Ронда Раузи болон түүний өрсөлдөгч Жина Карано нарын дунд ямар нэгэн дайсагнал байхгүй ч, UFC-ийн эмэгтэйчүүдийн бантамвейт жингийн аварга Кайла Харрисонтой үүсээд буй маргаан нь хурцадмал хэвээр байна. 2026 оны 3-р сард Харрисон Раузиг жүдогийн бэлтгэлийнхээ талаар “худал ярьдаг” хэмээн шүүмжилсэн нь энэхүү маргааны эхлэл болсон юм.
Ронда Раузи энэ талаар хэлэхдээ: “Кайла намайг 2006 онд Канад дахь жүдогийн бэлтгэлийн талаар худал хэлсэн гэж мэдэгджээ. Чи хэн болоод намайг худалч гэж дуудаж байгаа юм бэ? Би тэнд таван сар бэлтгэл хийсэн. Чи тэр үед тэнд байгаагүй шүү дээ. Сүүлийн 15 жил олны өмнө гарахдаа би үргэлж үнэнийг хэлдэг гэсэн нэр хүндтэй байж ирсэн. Гэтэл саяхан гарч ирсэн энэ хүүхэн намайг гүтгэж байна” хэмээн уурсав.
Мөн тэрээр Харрисоны өмнө нь хэлж байсан “Ронда надад Японд байхад тусалж, хоол авч өгдөг байсан” гэх үгийг сануулаад, “Чи ам муухайгаа хаагаад, миний авч өгсөн хоолоо л ид” хэмээн хатуу сануулга өгчээ. Раузи цааш нь хэлэхдээ, Харрисоны чансаа болон нэр хүнд нь өөрийнх нь болон Жина Караногийн сүүдэрт үргэлж байх болно гэдгийг онцолсон байна.
Түүхэн дэх хамгийн том эмэгтэй тулаан
Netflix-ээр шууд дамжуулагдах (2026 оны 5-р сарын 16) Раузи болон Карано нарын тулаан нь үзэгчдийн дээд амжилтыг эвдэнэ гэдэгт Ронда итгэлтэй байна. Тэрээр Харрисоныг “одоо цагт хамааралгүй” хэмээн нэрлээд: “Хэрэв тэр өөрийнхөө тулааныг хамгийн том гэж бодож байгаа бол яагаад 10 жилийн өмнөх надаас бага цалин авч байгаа юм бэ? Бидний тулаан бол зөвхөн над болон Жинагийн тухай биш, энэ салбарыг өөрчилсөн хүч болон түүхийн тухай юм” хэмээн мэдэгдлээ.
Ронда Раузигийн хувьд энэхүү эргэн ирэлт нь түүнийг дахин эмэгтэйчүүдийн ММА-гийн оргилд байгааг батлах чухал алхам болоод байна.

